Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Э.Золзаяа, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Цолмонбаатар PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 11-р сарын 22, Пүрэв гариг, 19:20

Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хамтарч Иргэний эрх зүйн шүүгч-багшаар 3 шүүгчийг 2012 онд шинээр бэлтгэж эхэлсэн ба шүүгч-багшаар бэлтгэгдэж буй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Э.Золзаяа, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Цолмонбаатар нар 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ХБНГУ-ын Бавари мужийн Штраубинг хотын анхан шатны шүүх дээр тус шүүхийн ерөнхий шүүгч ноён Рудольф Хелмхагены удирдлага дор шүүгчдийн давтан сургалтын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах дадлагажих сургалтанд амжилттай хамрагдаад ирлээ.

/Штраубинг хот дахь мужийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч ноён
Рудольф Хелмхаген, Регенсбург хот дахь мужийн давж заалдах шатны
шүүхийн ерөнхий шүүгч ноён Гунтер Рукдашел нарын хамт/

Энэ үйл ажиллагааны хүрээнд ХБНГУ-ын Бавари мужийн Регенсбург хотын давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч ноён Гунтер Рукдашел, Нюрнберг хотын Дээд шүүхийн ерөнхий шүүгч ноён Петер Кусперт, Иргэний танхимын тэргүүн шүүгч ноён П.Редел, тус шүүхийн шүүгчээр ажиллаж байсан, шүүгч багш нарын хайртай багш ноён Ёоахим Кают болон ХБНГУ-ын Хууль зүйн яамны салбарын захирал ноён Герхард Нуммер нартай уулзаж, албан ажлын зорилгын хүрээнд ярилцлага хийлээ. Нюрнберг хотын Дээд шүүх дээр манай улсад Иргэний эрх зүйн чиглэлээр багшилж байсан ноён Рудольф Хелмхаген, ноён Ёоахим Кают, ноён П.Редел нар уулзахдаа хоорондоо “Сайн байна уу” гэж монголоор мэндчилж уулзсан нь сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа.

/Нюрнберг хот дахь Мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ноён Петер Кусперт,
Иргэний танхимын тэргүүн шүүгч ноён П.Редел,  багш ноён Ёоахим Кают нарын хамт/

Шүүгчдийн давтан сургалтын талаар. ХБНГУ-ын Бавари мужийн Хууль зүйн яамнаас шүүгчдийн давтан сургалтын хуваарийг гаргаж уг сургалтыг зохион байгуулдаг юм байна. Сургалтын хуваарь гаргахдаа шүүгч нараас сэдвийн талаар саналыг нь авч хуваарийг “Шүүгч, прокурорын давтан сургалт” нэртэй мэдээлэл сэтгүүлд хэвлэж шүүгч, прокурор нарт урьдчилж тараадаг ба уг мэдээлэлд ХБНГУ-ын хэмжээнд шүүгч нарт зориулан явуулж буй сургалтын хуваарийг хэвлэсэн байна.

ХБНГУ-ын хуульч бэлтгэх үйл ажиллагааны талаар. Хууль зүйн яам нь боловсон хүчин, санхүү, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, иргэн болон нийтийн эрх зүй, эрүүгийн эрх зүй, шийдвэр гүйцэтгэл, хуульчдын сургалт, гадаад харилцаа хариуцсан 7 газартай. Боловсон хүчний газрын хувьд гол үйл ажиллагаа нь шүүгч, прокурорын томилгоо болон тэдгээрийг дэвшүүлэн ажиллуулахад чиглэдэг юм байна. Шүүгч, прокурорыг томилох нь Хууль зүйн сайдын асуудал, харин орон тооны асуудлыг Бавари мужийн парламент шийддэг байна. Хуульч бэлтгэх үйл ажиллагааны талаар хуулийн сургуулийн оюутан бүр төгсөлтийг шалгалт өгдөг. Төгсөлтийн шалгалтын нэрийг Улсын нэгдүгээр шалгалт гэж нэрлэнэ. Уг шалгалт нь 6 шалгалтаас бүрдэх ба тус бүр 5 цаг үргэлжилнэ. Үүний дараа 2 жилийн хугацаатай дадлагажих сургалтанд хамрагдана. Дадлагжих  сургалт нь онолын болон практикийн сургалт гэж хоёр чиглэлээр явагдана. Дадлагажих сургалт дуусаад Улсын хоёрдугаар шалгалт эхлэх ба 11 шалгалт тус бүр 5 цаг үргэлжилж шалгалтын дүнгээр нэрсийн жагсаалт гаргаж, үүнийг үндэслэж төгсөгч нар ажиллахыг хүсч буй байгууллагадаа өргөдлөө гаргадаг байна. Жагсаалтын эхний 10-т багтсан төгсөгчид шүүгч, прокуророор ажиллах илүү боломжтой байдаг байна.

Бид Регенсбург хотын давж заалдах шатны шүүхийн дэргэдэх онолын сургалт, Штраубинг хотын анхан шатны шүүх дээр практик сургалтууд явагдаж буй үйл ажиллагаатай танилцлаа.

Бусад ажиллагаа. Шүүгчдийг давтан сургах үйл ажиллагаатай танилцахаас гадна бид ХБНГУ-ын Бавари мужийн Штраубинг хотод байх хуулийн бусад байгууллага, тэдний үйл ажиллагаатай танилцсан. Тус хотод Доод Бавари  дүүргийн Цагдаагийн байгууллага, Дүүргийн эмнэлэг /сэтгэцийн эмнэлэг/, Хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

Дүүргийн эмнэлэг нь Бавари мужийн хэмжээний эмнэлэг бөгөөд уг эмнэлэгт шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээдээс гадна сэтгэцийн хүнд өвчтэй этгээдийг эмчилдэг учраас харуул хамгаалалт, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллада. Үүнээс гадна уг эмнэлэгт эмчлүүлэгчид нь хөдөлмөр эрхэлдэг бөгөөд чулуу, модоор янз бүрийн эд зүйл хийж долоо хоногийн хагас сайн өдөр бүр зах гаргаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаалдаг байна. Эмнэлэг нь хөл бөмбөг, гар бөмбөг тоглох талбайтайгаас гадна фитнес, бильярд, хөгжмийн өрөөтэй, мөн эмчлүүлэгчдийн өөрсдөө хоолоо хийж идэх боломжийг бүрдүүлж гал тогоо гаргаж өгсөн байлаа.

Хорих анги нь тусгай хамгаалалттай, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан барилга байгууламжтайгаас гадна уг хорих ангид мебель модон эдлэлийн, чулууны, оёдолын, хэвлэлийн үйлдвэр байхаас гадна дэлхийд нэртэй онгоцны моторын эд ангийг зохион бүтээх, үйлдвэрлэлийн нэг хэсэг байдаг ба энэ бүгдийг харуул хамгаалалтын дор ялтнууд хийдэг гэж бидэнд тайлбарлаж байсан. Мөн уг хорих ангид Бавари мужийн бүх шүүхийн хэргийн хавтас, шүүгчийн өмсгөлийг хийдэг юм байна. Хорих анги нь мэргэжлийн, хэлний болон сэтгэл зүйн сургалтуудыг явуулахын зэрэгцээ хоригдлуудын чөлөөт цагт анхаарч хөл бөмбөг, гар бөмбөгийн талбай, спорт зал, бильярд, фитнесийн зал, хөгжмийн өрөөг тохижуулсан байх ба ялтнууд жилдээ нэг удаа концерт тоглодог, мөн гаднаас дуучид, хамтлагуудыг авчирч тоглуулдаг юм байна. Хэдийгээр бүх зүйлийг нь хангаж өгсөн ч хүний эрх чөлөө хязгаарлагдаж буй тул оргох асуудал гардаг гэж тайлбарлаж байсан.

Шийдвэр гүйцэтгэлийн сургуультай танилцахад 2 жилийн хугацаатай мэргэжлийн сургалт явуулдаг. Бичгийн болон ярианы, практикийн чиглэлээр 3 шалгалт авдаг. Офисын, хичээлийн болон оюутны байрнаас гадна номын сан, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүхий л боломжийг бүрдүүлсэнээрээ онцлог байсан.  /буудлагын болон боулингийн зал гэх мэт/

/Штраубинг хот дахь Хорих ангитай танилцав/

 

/Штраубинг хот дахь Цагдаагийн газрын дарга хүлээн авч мэндчилэв/

 

/Бавари мужийн Хууль зүйн яамтай танилцав/

 

Schloss Neuschwanstein
/Альпийн нуруун дахь  хааны ордон/

 

Чөлөөт цаг. Хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын Бавари мужийн үзэсгэлэнт сайхан газруудаар аяллаа. Үүнд: Альпийн нурууны үзэсгэлэнт газарт баригдсан “Neunschwanstein” нэртэй хааны ордон. Уг ордон нь “Walt Dysney” компанийн хүүхэлдэйн кино эхлэх титр болсон зургийн загвар гэдгээрээ алдартай бөгөөд АНУ-аас л гэхэд уг ордонг үзэхээр жилдээ 1.0 сая гаруй жуулчид  ирдэг гэнэ.

Баварчууд өөрийн ой модоороо их бахардаг юм байна. Биднийг Баварийн ойг үзэхээр явах тэр өдөр хотод манантай байсан бөгөөд машинаар явсаар бид манангаас дээш өндөрлөгт гарч харахад сүрлэг ойгоор хучигдсан өндөр уулс цэлийтэл харагдаж билээ.

Бид гуравдахь долоо хоногийн аяллаар “Herrenchiemsee” нэртэй хааны ордон үзсэн. Уг ордонг хоёрдугаар Людвиг хаан нь Францын хаан арван дөрөвдүгээр Людовик хааны ордыг дуурайлгаж хийсэн гэдгээрээ алдартай юм байна.

Биднийг уг сургалтыг өндөр хэмжээнд зохион байгуулсан ШЕЗ, УДШ, ГОУХАН, ХБНГУ-ын Бавари мужийн Хууль зүйн яам, Штраубинг хотын шүүхийн ерөнхий шүүгч Рудольф Хелмхаген, Нюрнберг хотын Дээд шүүхийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 11-р сарын 22, Пүрэв гариг, 19:21
 

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 10 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?