Б.Сарантуяа: Ерөнхий шүүгч гол “тоглогч” биш болсон PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2014 оны 1 сарын 20, Даваа гариг, 14:17

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулах тухай хууль өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарч, мөрдөгдөж эхэлсэн юм. Энэ хугацаанд бүтэц, зохион байгуулалтын хувьд шинэчлэл эрчимтэй өрнөжээ. Шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх ямар байсан болон одоогийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, гавъяат хуульч Б.Сарантуяатай ярилцлаа.

-Шүүхийн шинэчлэл гэдэг сэдэв өдгөө олны анхаарлын төвд байна. Шүүгчийн албанаас захиргааны ажилд шилжихэд багагүй өөрчлөлт гарч байна уу?

-Шүүгчээс захиргааны ажилд шилжихэд сурах, дасах зүйл бий. Гэхдээ би Ерөнхий шүүгч, шүүхийн захиргааны чиг үүргийг давхар хэрэгжүүлж ирсэн. Хорь гаруй жилийн хугацааны хагаст нь ерөнхий шүүгчээр ажилласан учраас шүүхийн захиргааны ажлыг гадарлах юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн байгуулагдсан хугацаанд хийсэн ажил, боловсруулсан дүрэм, журмуудыг судалж байгаа. Энд ирээд богино хугацаанд ямар их ажил амжуулсан юм бэ гэж бодож байна.

-Хийсэн ажлынхаа талаар тодорхой ярихгүй юу?

-Хууль тогтоогчид багц хуулиар 30 гаруй дүрэм тогтоох эрхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд шилжүүлсэн байдаг. Ээдрээтэй, мэргэжлийн нарийн технологи шаардсан зүйлээ хууль тогтоогчид шилжүүлдэг. Одоогийн байдлаар хорь гаруй дүрэм, журам боловсруулж баталсан, батлуулсан байна. Процесс ажиллагааг нэлээд нарийн зохицуулахад чиглэснээрээ өмнөхөөс ялгаатай харагдаж байгаа юм. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд хэд хэдэн удаа суухад асуудлыг их нухацтай хэлэлцэж, баталж байгаа актыг үг үсэг, өгүүлбэрээр нь хэлэлцдэг жишиг тогтсон нь сайн талтай. Шүүхийн ерөнхий зөвлөл өөрийн гэсэн байртай болсноор шүүхийн захиргааны олон асуудал шийдэгдсэн. Тухайлбал, шүүхийн сургалтын алсын зайны төв, мэдээллийн дата төв зэрэг том ажил өөрийн байртай болсноор асуудлууд шийдэгдэж байна. Түрээсийн байранд дээрх ажлыг хийх ямар ч бололцоогүй байсан.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийг шүүхийн байранд орсон гэж ойлгож байгаа хүмүүс бий?

-Энэ байрны барилгын ажил долоон жилийн өмнө эхэлсэн. Ингээд гурван жилийн өмнө баригдаж дууссан юм. Биднийг хүлээж ав гэж барьсан компани шаардсан. Гэвч хүлээж авахад дулаан, бохирын шугам холбогдоогүй байсан учир байрыг ашиглах боломжгүй байсан. Нэг ёсондоо бид хүлээж авахаас зугтаасан гэж хэлж болно. Энэ хугацаанд барьсан компани багагүй алдагдалд орсон байх. Сүүлийн гурван жил элэгдэлд орж, Аудитаас яаралтай ашигла гэсэн дүгнэлт хүртэл гарсан. Шүүх үүнийг ашиглах ямар ч бололцоогүй байсан. Ашиглах байсан бол гурван жил бид юу хийж байх билээ.

-Яагаад магистрал шугамгүй газар байшин барьсан юм бэ?

-Хот төлөвлөлтөөр 2009 онд хойт талын гэр хороололд орон сууцны хороолол барихаар магистрал шугам нь очино гэж тооцсон байсан юм билээ. Гэвч хороолол бариад шугам очих нь бүү хэл гэр хороолол нь нүүгээгүй байгааг та харж байна. Тэгэхээр гэр хорооллыг нүүлгээд, хороолол бариад шугам очихоор ашиглана гэвэл энэ байшин хогийн цэг болоход хүрэх байсан. Тиймээс шинэ ерөнхий зөвлөл энэ барилгын бүх асуудлыг төвийн магистрал шугамаас хамааралгүй бие даан шийдэж ашигласан нь шүүхээс булаасан биш, харин үр ашиггүй хаягдаж байсан барилгыг зоригтой аварсан сайн үйлс болжээ гэж би харж байгаа. Би энэ барилгыг хариуцаж байсан хүний хувьд санаа зовох үе их байсан. Сайхан засаж, тордсоныг хараад баярладаг юм. Учрыг мэдэхгүй хүн аль буруу, зөрүү юм ярихыг тэр гэхэв.

-Таныг Ерөнхий шүүгч байхдаа “Бусад шүүгч болон хэргийн оролцогчдыг загнадаг байсан, гэхдээ эрүүгийн сайн шүүгч” гэж олон түмэн үнэлдэг юм билээ?

-Би 30 гаруй жил шүүгч хийхэд алдаж, онох үе байсан. Дүн нуруу нэг их гажаагүй болов уу. Төрийн хууль цаазын бодлого эрүүгийн шүүн таслах ажиллагаан дээр хэрэгжиж байдаг учраас амар, хялбар ажил биш. Өөрөөр хэлбэл, шүүгч хүн янз бүрээр хэлүүлдэг ажил. Түүнийг тэвчих гэж шүүгч болдог гэж хэлж болно. Загнадаг тухайд загнах үе байсан байх. Гэхдээ юуны төлөө билээ гэдгийг загнуулж байсан хүмүүсийн ихэнх нь эрт орой нэгэн цагт ойлгодог юм. Хуучин шүүхийн тогтолцоогоор Ерөнхий шүүгчид захиргааны чиг үүрэг байсан болохоор түүнийг хэрэгжүүлэх явцад янз бүрийн арга хэрэглэдэг байлаа. Тухайн үед Ерөнхий шүүгчийн орохгүй ажил гэж бараг байхгүй байсан. Хог шорооноос эхлээд бүх ажилд оролцдог, заадаг, чиглүүлдэг байж. Бараг Ерөнхий шүүгчгүй бол шүүхийн ажил зогсчихдог байлаа. Харин одоо нөхцөл байдал өөр болжээ.

-Ямар өөрчлөлт орсон бэ. Мөн Ерөнхий шүүгч нар томилогдоогүйгээс хүндрэл үүсээд байгаа юм уу?

-Шүүхийн шинэтгэлийн нэг гол багана бол шүүхийн захиргаа, шүүн таслах ажил хоёрыг салгасан явдал. Энэ хоёр салаагүй байхад Ерөнхий шүүгч шүүхийн гол тоглогч байсан. Бүх хэл ам, асуудал бас үүнд байсан нь үнэн юм. Би өөрөө Ерөнхий шүүгч байсан хүний хувьд хэлж байна. Одоо шүүхийн захиргааны бүх ажил Ерөнхий шүүгчээс салж Шүүхийн ерөнхий зөвлөл болон Тамгын газруудад шилжиж ирсэн. Тиймээс Ерөнхий шүүгч томилогдоогүйгээс шүүхийн ажилд нөлөөлсөн зүйл огт байхгүй. Энэ бол хуучныг санасан хэрэг. Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Ерөнхий шүүгчийн эзгүйд хэн оролцохыг бас хуульчилсан. Шүүгчдийн томилгооны дараа улсын хэмжээнд 78 шүүхэд шүүгчдийн зөвлөгөөнөө хийгээд Ерөнхий шүүгчийг орлох шүүгчид тодроод ажиллаж байна. Хамгийн гол нь одоо Ерөнхий шүүгчийг орлож байгаа хүмүүсийн ихэнх нь өмнө нь энэ чиглэлээр ажилласан хүмүүс байна. Шинээр Ерөнхий шүүгчийг орлож байгаа хүмүүстэй Ерөнхий зөвлөлөөс холбогдон байдлыг тодруулж байгаа. Ажил хэвийн, тасралгүй явж байна.

-Ерөнхий шүүгч одоо ямар бүрэн эрхтэй болсон бэ. Нэхэмжлэл, гомдлыг хуваарилдаг байсан. Тэгээд хуваарилах хүнгүй болчихлоо гэж ярьж байгаа нь үнэн үү?

-Дээрх зүйлийг өөрчлөхөд шүүхийн шинэтгэлийн нэг утга оршиж байгаа юм. Ерөнхий шүүгч хэрэг хуваарилаад эхэлбэл буруудах нь тэр. Тэгж байсан үе бий. Үүнээс гарах үр дагаврыг нь үзээд, ойлгоод түүнийг программын аргаар хийдэг болоод удаж байна.

-Ерөнхий шүүгч одоо юу хийдэг болсон юм бэ?

-Хийх ажлыг нь хуульд заасан. Шат шатаараа бага зэрэг ялгаатай. Жишээ нь, анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч шүүхээ төлөөлөх, хэрэг маргаан шүүх, шүүгчдийн зөвлөгөөнийг удирдах, шийдвэрийг албажуулах үүрэгтэй.

-Үүнээс өөр үүрэг бий юу?

-Ингээд боллоо. Хууль нь ийм юм.

-Ерөнхий шүүгч таны хэлдгээр үнэхээр гол тоглогч биш болсон юм байна. Тэгээд яагаад хүмүүс Ерөнхий шүүгчийг үгүйлээд бас тэр албанд очих гээд өрсөлдөөд байдаг юм бол?

-Одоо шүүгчдийн сонгон шалгаруулалт зарлаж, шүүхүүдийг бүрэлдэхүүнтэй болгосны дараа Ерөнхий шүүгчдийн сонгон шалгаруулалтыг зарлана. Тэр үед л харагдана даа. Томилох хугацаа ч болоогүй байна. Шүүгч хүн зөвхөн хуулиас хамааралтай учраас Ерөнхий шүүгч байна уу, байхгүй байна уу гэдэг нь шүүгчид, шүүн таслах ажилд нэг их чухал биш юм.

-Шүүхийн шинэтгэлийн үр дүн ямар байна. Зарим хүн одоо л шүүхийн шинэтгэл эхэлж байна гэх юм. Эхлэл төгсгөл гэж байна уу?

-Би 30 гаруй жилийн тэртээ МУИС-ийг төгсч шүүгч болсноос хойш шүүхийн бүхий л амьдрал дунд нь байлаа. Одоо ч байна. Сүүлийн 20 жилд шүүхийн шинэтгэл хийх гэж үе үеийнхэн зүтгэсээр ирснийг үгүйсгэх аргаүй. Багагүй ажил амжуулсан. Харин дөрвөн жилийн өмнө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн эхлүүлсэн шинэтгэлийн бодлого иж бүрэн шинжтэйгээрээ онцлог. Шүүхийн иж бүрэн хуулийг санаачилж батлуулна гэдэг нь шинэтгэлийн тал нь гэсэн үг. Өмнөх шинэтгэл шүүхийн шинэтгэх хууль эрхзүйгүй байсан учраас амжилтад хүрээгүй. Одоогийн багц хуулийг өмнөх шүүхийн тухай ганц хуультай харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай. Тиймээс шүүхийн шинэтгэл одоо биш дөрвөн жилийн өмнө эхэлж талаасаа хэвийж яваа ажил. Гэвч шинэтгэл өөрөө тасралтгүй үйл явц гэдгийг мартах ёсгүй. Шинэтгэл шинэтгэлийг төрүүлсээр байх болно. Яг одоо шүүхүүд шинэчлэгдэн зохион байгуулагдаж, нүүдэл суудал хийх ажлыг богино хугацаанд чадварлаг зохион байгуулснаар шүүн таслах ажил жигдэрч, олон нийт ч гэсэн шүүхүүдийн байршилтай сайн танилцсан. Мөн шүүхүүд иргэдэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэж шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бусаар ажиллах нөхцөл хангагдаад байна.

-Нийслэлийн бүх шүүх нээлттэй ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлжээ. Энэ ажил орон нутгийн шүүхүүдэд хэзээ хэрэгжих вэ?

-Нийслэлийн бараг бүх шүүх нээлттэй шүүхийн зохион байгуулалтад шилжлээ. Энэ бол асар их дэвшил. Жилийн өмнө улсын хэмжээнд ганцхан захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг нээлттэй шүүх болгоод дарга нар тууз хайчлаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Одоо нийслэл дүүргийн бүх шүүх тийм боллоо. Ер нь энд ирээд харахад шүүхэд мэдээллийн технологийн дэвшил асар их хурдан нэвтэрч байна. Одоо орон нутгийн бүх шүүхтэй теле хурал, сургалт хийх, бүх шүүх хуралдааны танхимыг дуу, дүрс бичлэгийн техникээр бүрэн тоноглосон нь шүүхийн сургалт, удирдлага, шүүн таслах ажлын олон асуудал шийдэгдэх нөхцөл бүрэлджээ. Энэ бүхний үр дүнг шүүхээс үйлчилгээ авагч нар л хүртэнэ. Энэ бол шүүхийн шинэтгэлийн тод үр дүн юм. Орон нутагт 2015 оноос хэрэгжинэ.

-Шүүгчдийн цалин их нэмэгдсэн үү. Шүүгчийн хараат бус байдлын гол асуудал нь энэ мөн үү?

-Эргэлзээгүй мөн. Шүүгчийн цалинг нэмэгдүүлж байгаа нь юм юмнаас хараат бус болгож байгаа хэрэг. Мөн шударга ажиллах баталгаа. Бага цалинтай ч гэсэн шүүгч хүн шударга ажиллах ёстой гэж хэлж болох боловч хэрэг дээрээ социалист лоозон мөн. Би шүүгч байхдаа эдийн засгийн наад захын хэрэгцээндээ санаа зовохгүй ажлаа хэзээ хийдэг болох бол гэж бодсоор, хүлээсээр өдий хүрлээ. Харин одоо л гэрэл гэгээ харагдаж эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийн цалинг УИХ-аар батлуулахаар оруулсан юм билээ.

-Шүүгчдийн цалинг 10 сая төгрөгт хүргэнэ гэсэн нь үнэн үү?

-Олон улсын жишгээр 10 сая ч их мөнгө биш. Бидний өнөөгийн ядуу сэтгэлгээнд их бодогдоод байх шиг байгаа юм. Гэтэл бусад улсад хэдэн арван сая байна. Шүүхийн ерөнхий зөвлөл зун нэг судалгаа явуулж, түүндээ тулгуурлаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан эдийн засгийн хувьд хараат бус байх, амьдралд нь хүрэлцээтэй, баталгаатай гэснийг тоон утгад шилжүүлж, шүүгчдийн цалинг тогтоосон юм. Бүх нэмэгдэл ороод 5.5 сая төгрөг гэж тооцсон байна. Энэ бол нэлээд бодит тоо байх. Шүүгчдийн цалин 10 сая хүрэх болтугай гэмээр байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 56 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?