ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2014 оны 1 сарын 13, Даваа гариг, 16:27

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин ес дүгээр зүйлийн 4-т “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.” гэж заасан. Шүүгчийн албан тушаалд мэдлэг, ур чадвартай хуульчийг томилох, мэргэшсэн, чадварлаг шүүгч нарыг бий болгох нь Шүүхийн мэргэшлийн хороо (цаашид “Мэргэшлийн хороо” гэх)-ны хуульд заасан чиг үүргээр дамжин хэрэгждэг. Мэргэшлийн хороо нь анх 1993 онд батлагдсан Шүүхийн тухай хууль, тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан 1994 оны хуулиар Шүүгчийн мэргэшлийн хороо нэртэйгээр бий болсон бөгөөд 2002 онд Шүүхийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж тус хуульд Мэргэшлийн хорооны чиг үүргийг мөн тусгасан байдаг. Харин 2013 онд батлагдсан Шүүхийн захиргааны тухай хуульд Мэргэшлийн хорооны чиг үүрэг, бүрэлдэхүүн, байгуулах процессын хувьд өмнөх хуулиудын зохицуулалтаас ялгаатай байдлаар зохицуулагдсан.

 

1. Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүн

Шүүхийн захиргааны тухай хуульд Мэргэшлийн хорооны гишүүдийг Хуульчдын холбооноос санал болгосноор Ерөнхий зөвлөл 9 гишүүний бүрэлдэхүүнтэй 5 жилийн хугацаатай байгуулахаар заасан бол өмнөх хуулиудад 9 гишүүний бүрэлдэхүүнтэй 3 жилийн хугацаатай байгуулахаар заажээ. Хуульд Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг орон тооны болгож бүрэн эрхийн хугацааг нь 3 жил, харин Мэргэшлийн хороог 5 жилийн хугацаатай байгуулахаар ялгаатай тогтоосон нь Мэргэшлийн хороо мөн Ерөнхий зөвлөлөөс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах нөхцлийг баталгаажуулж байгаа юм.

Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан шүүгч болон хуульчдаас бүрдэхээр шалгууртогтоосон. Өмнө үйлчилж байсан хуулиудад зааснаас Мэргэшлийн хорооны гишүүнд мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх гэсэн тодорхой шаардлага тависан нь ач холбогдолтой. 2002 оны Шүүхийн тухай хуулиар Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүний зургаа нь шүүгч байхаар тооны харьцааг тогтоосон байсан бол Шүүхийн захиргааны тухай хуульд энэ тухай нарийвчлан тусгаагүй.

1993 оны Шүүхийн тухай хуулиар Ерөнхий зөвлөлийн гишүүн, 2002 оны Шүүхийн тухай хуулиар Ерөнхий зөвлөлийн гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Мэргэшлийн хорооны гишүүн болохгүй байхаар заасан боловч шүүн таслах ажилагаанд оролцдог прокурор, өмгөөлөгч мөн шүүхийн захиргааны ажилтан Мэргэшлийн хорооны гишүүнээр томилогдох боломжтой байсан нь учир дутагдалтай байлаа. Тэгвэл Шүүхийн захиргааны тухай хуулиар Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд Ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглосон төдийгүй Мэргэшлийн хорооны гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйлүүдийг тусгасан. Түүнчлэн Ерөнхий зөвлөл Мэргэшлийн хорооны ёс зүйн болон сонирхлын зөрчлийн дүрмийг баталж мөрдүүлэхээр заасан нь Мэргэшлийн хороо хөндлөнгийн этгээдээс тогтоосон дүрмийн хүрээнд гадаад нөлөөллөөс төдийгүй дотоод нөлөөллөөс ангид байж, хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлэх механизмыг бий болгосон юм.

 

2. Мэргэшлийн хорооны чиг үүрэг

Мэргэшлийн хороо анх бий болсон цагаас хойш хэрэгжүүлж буй үндсэн чиг үүрэг нь шүүгчиийн албан тушаалд нэр дэвшигч болон шүүгчийн мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадварыг шалгаж үнэлгээ, дүгнэлт өгөх юм. Өөрөөр хэлбэл Мэргэшлийн хорооны энэ чиг үүрэг өнгөрсөн хугацаанд өөрчлөгдөж байгаагүй, харин Мэргэшлийн хороо энэ чиг үүргээ хэрхэн, ямар нөхцөлд хэрэгжүүлэх нь хуульд өөр өөрөөр зохицуулагдаж иржээ. Тухайлбал, 1993 оны Шүүхийн тухай хуульд зааснаар Улсын дээд шүүхийн хуралдаан, давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн, Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн шүүгч хүсэлт гаргаж ямар ч шүүгчийн, тухайн шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн, Ерөнхий шүүгч тухайн шатны шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин, ажил хэргийн чадварын талаар дүгнэлт гаргуулах эрхтэй байсан бол 2002 оны Шүүхийн тухай хуулийн зохицуулалтаар Мэргэшлийн хороо нь давж заалдах болон хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн, Ерөнхий шүүгчийн хүсэлт, тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөний шийдвэрээр шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн талаар дүгнэлт гаргах бүрэн эрхтэй байсан.

Тэгвэл Шүүхийн захиргааны тухай хуульд зааснаар Мэргэшлийн хороо нь 1/шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчээс шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шаардлага хангасан эсэхэд үнэлгээ өгөх, 2/шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг удирдамжийн дагуу зохион байгуулж үнэлгээ өгч, дүгнэлт гаргахаар заасан. Өөрөөр хэлбэл Мэргэшлийн хороо аль нэг Ерөнхий шүүгч, шүүх бүрэлдэхүүний хүсэлтээр (сонирхол) бус хуульд заасан хугацаанд шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг дүгнэхээр зохицуулсан нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлын зарчимтай нийцэж байгаа юм.

 

3. Мэргэшлийн хорооны үнэлгээ, дүгнэлтийн үр дүн

1993, 2002 оны Шүүхийн тухай хуульд зааснаар Мэргэшлийн хорооноос шүүгчийн мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд шүүгчээр ажиллах боломжгүй, хангалтгүй үнэлгээ гарсан бол энэ нь тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болдог байв. Харин Шүүхийн захиргааны тухай хуульд уг асуудлыг уян хатан байдлаар зохицуулсан бөгөөд шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшингийн талаарх үнэлгээ, дүгнэлт нь тухайн шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болох ба нөгөөтэйгүүр шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны үнэлгээнээс хамаараад шүүгчид үндсэн цалингийн 50 хувь хүртэл нэмэгдэл олгож байхаар заасан нь шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн чанар сайжрахад чухал нөлөө үзүүлэх юм.

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 9 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?