Дашдоржийн Дэмбэрэлцэрэн Монгол Улсын Гавьяат хуульч цол тэмдэгээр энгэрээ мялаалаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

Үүсгэсэн огноо 2013 оны 12 сарын 26, Пүрэв гариг, 17:07

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч  зарлиг гаргаж хууль эрх зүй, шүүхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Дашдоржийн Дэмбэрэлцэрэнг Монгол Улсын гавьяат хуульч цолоор шагнаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагналыг гардуулан өглөө.

Дашдоржийн Дэмбэрэлцэрэн нь Шүүхийн салбараас төрөн гарсан 23 дахь Гавьяат хуульч болсон юм. Тэрээр 1990-1993 онд Монгол Улсын Дээд шүүхийн дарга, 1993-1999 онд Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, 1993-1996 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, 1999 онд Монгол Улсын Дээд Шүүхийн гишүүн, 1999-2000 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байсан бөгөөд 1998-1999 онд Шүүгчдийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан байна.

Д.Дэмбэрэлцэрэн нь Монгол Улсын Дээд шүүхийн даргаар томилогдсон цагаас улс орны хэмжээнд хийгдэж байгаа өөрчлөлт, шинэчлэлтийн хүрээнд шүүхийг шинэчлэх, эрхзүйт төрийн тогтолцоонд шүүхийн эзлэх байр суурийг төрийн эрх мэдлийг хуваарилан хэрэгжүүлэх зарчмын дагуу Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, бусад хууль тогтоомжид тусгаж баталгаажуулах ажлыг гардан удирдаж, зохион байгуулах, гүйцэтгэхэд хүчин зүтгэж, оролцож ирсэн байна. Шүүхийн байгууллагын түүхэнд урьдын шүүхээс одоогийн төрийн тогтолцоонд эзлэх байр суурь, гүйцэтгэх чиг үүрэг, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчмын хувьд өөр шүүхийн шинэ тогтолцоо бүрэлдэн тогтоход түүний оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй юм. Тэрээр шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрхзүйн үндэс болсон Шүүхийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулж, Иргэний хууль, Иргэнй хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулахад оролцсон гавьяатай хүн юм.

Д.Дэмбэрэлцэрэн нь Монгол Улсын Дээд шүүхийн дарга, Ерөнхий шүүгчээр ажиллах хугацаанд шүүхийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, шүүх эрх мэдлийг шинэ нөхцөлд хэрэгжүүлэх, шүүхийн ажлыг сайжруулах, шүүгчдийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах бодлого, чиглэлийг тодорхойлж, шинэ тутам гарсан хуулиудыг нэг мөр ойлгох, зөв хэрэглэхтэй холбогдуулан хуулийг тайлбарласан тогтоолын төслүүдийг Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлэн баталсан нь өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж, шүүн таслах ажлын удирдамж, чиглэл болсоор байна.

Тэрээр 1993 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар сонгогдсон бөгөөд Монголын улс төр, эдийн засаг, оюун санааны бүх салбарыг хамарсан нийгмийн шилжилтийн эгзэгтэй үед шүүхийг улс төржин хийрхэх явдлаас сэргийлж, үйл ажиллагааг нь хараат бусаар явуулах, шинэ нөхцөл байдалд нийцүүлэн ажиллах боломжоор хангаж, чадавхийг нь дээшлүүлэх, шүүхийн үндсэн тогтолцоог сэтгэлийн хөөрлөөр, хурдан хуумгай өөрчлөхгүйгээр хадгалж, мэдлэг, туршлагатай, чадварлаг шүүгчдийг тогтвортой ажиллуулах үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулан, түүхэн гавьяа байгуулсан юм.

Д.Дэмбэрэлцэрэн нь сайн боловсруулсан хууль, шударга шүүх байж шүүх, ард түмний холбоо ойртож нягтрах ёстой гэдэг зарчим барьдаг, эрхзүйн онол практикийн хувьд маргаантай асуудлыг мэргэжлийн өндөр түвшинд задлан шинжилж, дүгнэлт хийн шийдвэрлэдэг, шүүн таслах ажил болон удирдан зохион байгуулах ажлын дадлага, туршлагатай, эрхзүйн баримт бичиг, хуулийн төсөл боловсруулах арга барилыг эзэмшиж, мэргэшсэн төрийн түшээ хүн юм.

 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 34 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?