Сонин, сэтгүүл, цахим хуудасны бүтээлийн төрлийн тэргүүн байрын ярилцлага. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2013 оны 12 сарын 5, Пүрэв гариг, 8:37

Д.Бямбасүрэн: Чадалтай хүмүүсээ шүүхээс алдвал бурууг нь өөрсдөө хүлээ

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Бямбасүрэнтэй ярилцлаа. Бидний яриа шүүх тогтолцооны шинэчлэлийн бодлого, төсөв санхүүгийн асуудлаар үргэлжилсэн юм.

-Шүүхийн тухай багц зургаан хуулийг баталж, мөрдөөд багагүй хугацаа өнгөрч байна. Манай улс шүүх тогтолцоогоо ингэж шинэчлэх шаардлага үнэхээр байсан уу. Шинэчлэлийн бодлогодоо ямар зүйлсийг анхаарах ёстой вэ. Энэ талаар таны бодлыг сонсоё гэж ирлээ?
-2012 ондоо УИХ шүүхийн шинэчлэлийн багц хуулиудыг батлаад, тэрнээс хойш холбогдох журам дүрэм нь гараад 2014 оноос эхлээд мөрдөх гэж байна л даа. Миний бодоход монголчууд бид шүүхийн шинэчлэлийн асуудлыг их зөв ойлгох хэрэгтэй юм шиг байдаг. Бид чинь өмнө нь социалист нийгмийн нөхцөлд явж ирлээ. Энэ үед шүүх засаглал нэлээд хараат байдалд, улстөржсөн, үзэл сурталжсан ийм тогтолцоонд байлаа шүү дээ. Одоо бид чинь ардчилсан, чөлөөт эдийн засагтай нийгэм рүү шилжээд явж байна. Энэ үед улс орны амьдралыг зохицуулах хүчтэй төртэй байна гэдэг бол нэгдүгээрт, шударга хатуу хуультай, хоёрдугаарт нь, шударга хатуу хуулиа хэрэгжүүлдэг, шударга хатуу шүүхтэй байна гэсэн үг. Ингэж байж хүчтэй төр байна. Монголчууд Чингис хаанаараа бахархаж, дурсах дуртай байдаг. Тэгэхлээр Нууц товчоонд бичсэнээр Чингис хаан төрөө байгуулаад анхныхаа төрийн том томилгоог хийхдээ Шихихутагийг төрийн шүүгчээр томилсон байдаг. Шихихутаг 92 нас хүртлээ дөрвөн хааны үе дамжин Монгол төрийн ерөнхий шүүгч хийсэн хүн. Ийм шударга шүүхтэй байна гэдэг бол улс нийгэмд маш их ач холбогдолтой. Ер нь шүүх шударга, зөв шийддэг байвал нийгэм шударга, зөв замаар явна. Хэрвээ шүүх засаглал маань сул байвал энэ бүхэн мөрөөдөл төдий үлдэнэ шүү дээ. Бид чинь шинэ нийгэмд шилжээд 20 гаруй жил боллоо. Энэ хооронд улс нийгмийн олон салбарт ахиц дэвшил гарч байна. Гэхдээ эргээд харахад шүүх засаглалыг шинэчлэх үйл явц нэлээд орхигдож ирж дээ гэж боддог юм. Одоогийн Ерөнхийлөгч олон түмнээс сонгогдсоныхоо дараа анх удаа ард түмэндээ өгсөн амлалтынхаа дагуу шүүх засаглалаа шинэчлэхээр шийдэж, багц хуулиудыг өргөн барилаа. Хэдэн жил хүлээгдсэний эцэст батлагдаад одоо хэрэгжиж байгаа нь энэ.

Тэгэхээр шүүх засаглалыг шинэчилнэ гэдэг маань цаасан дээр хууль гаргаад шийдчихгүй шүү дээ. Шинэчлэлийнхээ чиглэлүүдийг баталгаажуулсан хөрөнгө мөнгөний зардал, хүний нөөц, зохион байгуулалтын ажлууд хэрэгтэй болж олон жил үргэлжилнэ. Тийм болохоор шүүх засаглалын шинэчлэл нь Монголын нийгмийн шинэчлэлийн хамгийн шийдвэрлэх цэг гэж үзүүштэй байгаа юм. Ингээд үүн дээр бүх анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна. Одоо шүүх засаглалын шинэчлэлийн талаар гарч буй багц хуулиуд асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Үүнээс цааш зохион байгуулалтын олон арга хэмжээ авах, эрх зүйн олон акт шинээр гаргах хэрэгцээ гарна. Үүн дээр төрийн дээд байгууллагынхан ч гэсэн өөрсдөө анхаарлаа төвлөрүүлэхгүй бол болохгүй. Зэрэмдэг байдлаар эхлэл хийгээд зогсчихвол үр дүнд хүрч чадахгүй. Ийм л бодолтой байна.

-Засаглал хуваах онолын дагуу УИХ, Засгийн газар, шүүх эрх мэдлийн байгууллага нь харилцан тэнцвэртэй, бие биедээ хяналт тавьж ажиллавал ардчилал бүрэн утгаараа хөгждөг. Гэтэл шүүх засаглал хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулж чадахгүй байна гэсэн шүүмжлэл хэдийнээс гарсаар ирлээ. Шүүх засаглал биеэ даахад бид юунд анхаарах ёстой вэ?
-Засаглалын эрх мэдлийг хуваарилах асуудал шинэ зүйл биш. Манай одоогийн нийгэмд боловсролтойд тооцдог хүмүүс нь XIX зууны үеийн Европын Монтескогийн онолоор л засаглалыг хуваана гэж ярьдаг. Засаглалын гурван салааны тухай л ярьж байна. Уг нь хүн төрөлхтөний түүхэнд төрт ёсны их өв, уламжлал, соёлыг бүтээлцэж явсан Монгол төрийн маань уламжлалаар бол хүчирхэг төр гэдэг бол гарын таван салаа шиг таван салбартай байдаг юм. Өөрөөр хэлбэл, Европын онолын хүрээнд ярьж буй хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал дээр нэмээд төрийн өөрийн хяналт, төрийн түшмэдийг буулгах, дэвшүүлэх тогтолцоо байсан. Өгөөдэй хаан 1631 онд төр, засгаа таван яамтай байгуулж байсан. Гэтэл одоо бид 800 жилийн дараа Монгол төрөө байгуулахдаа гурван салаа төрийн тухай асуудлыг яриад байна. Амьдрал дээр жишиж ярих юм бол эртний Монгол төр гарын таван хуруу шиг таван салаатай байсан. Гэтэл одоо бид чинь тахианы савар шиг гурван салаа төр байгуулах гээд оролдоод байна л даа. Ганц хуруутай байснаас гурван хуруутай байгаа нь мэдээж дээр л дээ. Гэхдээ Үндсэн хуульд заасан засаглалын хуваарь нь сүүлийн үед нэлээд гажуудлаа шүү дээ. 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүд байхаар заасан нь онцгүй байх л даа.

Шүүх засаглал маань ямаршуу байдлаар явж ирснийг бид цөмөөрөө мэднэ шүү дээ. Шүүх засаглалд улс төрийн хүчнүүд нөлөөлнө, дээрээс нь өндөр эрх мэдэлтнүүд нөлөөлнө. Томоор ярих юм бол үе үеийн УИХ-ын гишүүд дотроос авлига, хээл хахуулийн асуудлаар өчнөөн төчнөөн хүн нэр холбогдоод л прокурор, шүүх нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөөч гээд УИХ-д асуудал тавьдаг. УИХ нь өөрийн хүнээ бат хамгаалсаар байгаад л гаргаж өгдөггүй шүү дээ. Ийм байдал нь нэгдүгээрт шүүх засаглал өөрөө дарангуйлалд ороод байна. Өөрөө хараат байдалд байна аа. Энэ байдлаас гарахгүйгээр бид төгөлдөржиж чадахгүй. Хоёр дахь асуудал гэвэл, шүүхийн зохион байгуулалт, тогтолцоонд байсныг бид шийдээгүй явж ирсэн. Жишээлбэл, шүүгч гэж хүнийг томилоод ажиллуулдаг. Монгол Улсын хэмжээнд 439 шүүгч байна гэж ярьдаг юм билээ. Тэгэхээр 439 хүн шүүхийнхний албан ёсны мэдээгээр жилдээ 67 мянган хэрэг шийддэг гэнэ. Нэг хүнд жилдээ 100 гаруй хэрэг ногдох нь байна шүү дээ. Шүүгч бол тодорхой туршлага, боловсролтой бие хүн шүү дээ. Тэгэхээр эрүүгийн хэргээс эхлээд эдийн засгийн, албан тушаалын, амьдрал дээр тулгарч байгаа бүхий л ээдрээг бүгдийг нь мэдэж, хариуцлагатай шийдэж чадах уу.

-Чадахгүй л болов уу?
-Мэдээж чадахгүй шүү дээ. Тэгэхээр одоо шүүхийн шинэчлэлийн хуулиар төрөлжсөн шүүх байгуулах шийдвэр гарч байна. Энэ нь цаашлаад асуудлыг мэргэжлийн өндөр төвшинд шийдэх боломж бий болж байгааг харуулж байгаа юм. Нөгөө талд нь шүүгчийн амьдралын баталгаа, хангамжийн тухай асуудлыг ярих хэрэгтэй л дээ. Тэгэхлээр шүүгч нар өмнө нь төрийн албан хаагчийн цалингийн сүлжээнд багтаж, тэндээсээ цалинжиж ирсэн. Гэтэл хажуу талд нь бизнес эрхэлж байгаа хүмүүс, шүүхэд нөлөөлөх элдэв өнгийн сонирхол байна. Ийм нөхцөлд тэр хүмүүсийн амьдралын баталгааг бүрдүүлэхэд төрийн албан хаагчийн цалингийн сүлжээгээр шийдэгдэж чадахгүй юм шүү дээ. Энэ талын асуудлыг урд нь орхигдуулж ирсэн. Харин өнгөрсөн долоон сард энэ асуудал нэг тийш шийдэгдэж шүүгч нарын цалинг нэмэх хандлага гарч байгаа нь маш зөв асуудал байх л даа.
Дөрөвт нь, шүүгч гэж хэн бэ гэдэг асуудал гарч ирнэ. Шүүгч маш өндөр шалгуур тавих ёстой байх л даа. Шинэчилсэн хууль тогтоомжоор их л өндөр шалгуур тавьсан байна лээ. Шалгуурыг хангасан хүн бэлтгэнэ гэдэг нь өөрөө маш нарийн тогтолцоо. Өөрөөр хэлбэл, хуулийн сургуулиудаасаа эхлээд шүүгч нараа дадлагажуулах, боловсруулах маш нарийн тогтолцоо хэрэгтэй. Цаашдаа үүнд шилжих байхаа гэж бодож байгаа. Гадаад орны хууль дүрмийг хараад байхад шүүгч нартаа тавих шаардлага нь өндөр байдаг. Жишээ нь, АНУ-ын Үндсэн хуульд зааснаар бол шүүгч өө сэвгүй, нэр нь сэвтээгүй хүн байх ёстой. Гэтэл манай шүүхийн тогтолцоонд социализмын үед нөлөөлөлд автаж, ардчилсан нийгэмд янз бүрийн гажуудалд орж байсан хүмүүсийн нэр сэвтэх явдал их бий. Үүнийхээ буруу зөвийг ялгаж, олон түмний итгэлийг хүлээсэн хүнийг шүүгчээр олж ажиллуулна гэдэг бол цаг хугацаа, хүчин чармайлт шаардана.
Шинэ дүрэм журмаар нөлөөлөлд автахаас сэргийлж нөлөөллийн мэдүүлэг бөглөдөг боллоо. Энэ нь эрүүлжих хандлага гэж би хараад байгаа юм. Шүүх олон түмний итгэлийг гарцаагүй олж авах ёстой. Шүүгчийн зөв шийдвэр олон нийтийн итгэлийг татдаг. Шүүхийг дэмжиж, хөгжүүлэх асуудал бол нийгмийн томоохон зорилт болоод байна.

-Шүүхийн тухай хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл анх удаа төсвийн төслөө өөрсдөө боловсруулж УИХ-д өргөн мэдүүлээд байна. Үүнээс өмнө Сангийн яамны мэргэжилтэн шүүх байгууллагын төсвийг хасч, танах эрхтэй байлаа шүү дээ. Шүүхийн ерөнхий зөвлөл төсвөө өөрсдөө боловсруулж байгаа нь зөв үү ер нь?
-Шүүх Хууль зүйн яамны харьяанд байлаа. Тэд төсвийг нь боловсруулж Засгийн газраар хянуулаад УИХ-д оруулдаг байлаа шүү дээ. Одоо бол Шүүхийн ерөнхий зөвлөл төсвөө өөрөө боловсуулаад бие даагаад УИХ-д оруулдаг болж байна. Энэ бол шүүхийн хараат бус байдлыг хангахад маш чухал зүйл. Ер нь шүүх засаглал санхүүгийн хувьд гүйцэтгэх засаглалаасаа хараат бус байна гэдэг юм хаашаа эргэх нь тодорхой шүү дээ. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хуучин социалист нийгмийн үед бол бүх юм нам гэсэн нэг толгойтой, түүний зохицуулалтаар явдаг байлаа. Засгийн газар, шүүх нь ч ялгаагүй. Шүүх нь Хууль зүйн сайдын харьяанд байна гээд зохицуулчихсан. Хууль зүйн сайд нь шүүх засаглал, гүйцэтгэх засаглалдаа хяналт тавьдаг урвуу бүтцийг халсан нь маш сайн хэрэг.

-Шүүхийн ирэх оны төсвийн төслийг 46 тэрбум төгрөгөөр өргөн барилаа. Өмнөхөөсөө ахиу нэмэгдсэн гэдэг шалтгаанаар зарим хүн төсвийг нь танахыг хүсч байгаа. Та Монгол Улсын эдийн засаг, санхүүг барьж явсан хүн. Үүн дээр нэг үг хэлэх болов уу?
-Ер нь 46 тэрбум төгрөгийн талаас илүү хувь нь цалин хөлс байгаа. Өнгөрсөн жил 38 тэрбум төгрөгийн зардалтай байснаа 22 тэрбум төгрөг нь цалин байгаа биз дээ. Тэгтэл энэ жил найман тэрбум төгрөгөөр л нэмэгдэж байна. Үүнийг цалинтай холбоод бодоход цалинг 30 хувиар нэмэх тухай асуудал яригдана. Тэгэхээр Шүүхийн багц хуулиудыг батлаад шүүгч нарын цалинг тогтоолоо. Ингэснээр шүүгчийн цалин 2-3 дахин нэмэгдэж байгаа биз дээ. Энэ талаас нь бодоход дор хаяж 40-50 тэрбумаар нэмэгдэх ёстой. Ингээд харахад Сангийн яам, Засгийн газар дахиад л шүүх засаглалаа өөрийн гартаа атгах байдал руугаа гулгаж ороод байна уу даа гэж хараад байгаа юм. Хэрэв монголчууд төрөө төгөлдөржүүлэх үүднээс, ардчилсан нийгэмд хүчтэй төртэй байх эрх ашгийн үүднээс шүүх засаглалыг шинэчлэх хууль гаргасан л юм бол санхүүгийн баталгааг нь хангах л ёстой. Тэгэхгүй хуулиа гаргачихаад санхүүг нь шийдэхгүй ухраагаад байвал төрийн бодлого биш шүү дээ. Үүн дээр бол учир нь ойлгогдохгүй, харамсалтай дүр зураг харагдаад байгаа юм л даа. Нөгөө талаар бодоход шүүгч гэж ямар хүн билээ. Сум бүр шүүгчгүй. Сум дундын шүүх л гэж байгаа. Тэр хооронд явж хэрэг төвөг шийдэх, хурал зөвлөлгөөнөө хийхэд янз бүрийн л зардал гарна. Гэтэл энэ жил УИХ-д оруулж байгаа төсвийн саналыг харахад хөрөнгийн зардал байхгүйгээр оруулж байна лээ. Үүнийг хараад би их гайхсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийг дан ганц урсгал зардлаар тэтгэнэ гэвэл болохгүй шүү дээ. Мэдээллийн баазтай болгох, компьютержуулах, унаа унаштай болгох хэрэгтэй. Шүүгчид тавих шаардлагад компьютер, мэдээллийн технологийн шаардлагыг тусгадаг мөртлөө шүүхэд нь компьютер байхгүй бол бас л хэцүү.

-Шударга шүүх, ажиллах нөхцөлд олон асуудлууд хамаарах байх л даа. Түүний доторх эдийн засгийн баталгаа нь шүүгчийн хараат бус байдлын гол хөшүүргийн нэг мөн үү?
-1993 онд баталсан Шүүхийн тухай хуулиар бол шүүгч хүн хууль, шударга ёсыг дээдэлж итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргах ёстой. Гэтэл шүүгч хүний албан тушаал хүртэл эрх мэдэлтний гарт байдаг. Нөгөө талдаа намын гарт байдаг. Мөн шүүгч хүн амьдралаа тэтгэх боломж багатай байвал тэр хүний шийдвэр нь ямар байх нь ойлгомжтой. Шүүгчийн амьдрал өөрөө баталгаатай байх юм бол асуудлыг шийдэхэд их дөхөмтэй. Одоо шүүгчийн цалинг 3.7-4.3 сая төгрөг болгоно гэж яриад байна. Үүнийг энгийнээр бодоод үзье. Өглөө интернэтээр тавьсан зар мэдээг үзэхэд мэдээлэл технологийн боловсролтой хүнийг 3000 ам.доллараар цалинжуулна гэнэ. Өөрөөр хэлбэл ажиллах хүчний өрсөлдөөн явж байна. 800 мянган төгрөг аваад шүүгч хийх үү 3000 ам.доллар буюу 4.8 сая төгрөгийн цалинтай хуульч хийх үү гэдгээ хүн амьдралаа харж байгаад шийднэ. Тэгэхээр ийм өрсөлдөөнд дунд чадалтай, чансаатай улсуудаа шүүх тогтолцоондоо ажиллуулъя гэвэл өрсөлдөхүйц цалин өгөх хэрэгтэй. Өөр зам байхгүй. Хэрвээ чадалтай хүмүүсээ шүүхийн байгууллагаас алдвал бурууг нь төр өөрөө хүлээх болно.

-Үнэхээр ч бага цалинтай хүнээс ”Чи шударга ажилла” гэж шаардах нь утгагүй. Шүүгчдийн дунд цалингийн зээлтэй, өөрийн гэсэн орон сууц, унаагүй хүн олон байгааг судалгаа харуулж байна лээ.
-Зээлтэй хүн гэдэг чинь хараат хүн. Амьдрал ямар байгааг бид харж байна. Төгрөгийн ханш унаад, үүнийг дагаад юмны үнэ нэмэгдчихлээ. Үүнийг дагаад хүний амьдрал доошилж байгаа шүү дээ. Ийм нөхцөлд баталгаатай цалин, хангамжийн асуудал бий л дээ. Одоо тогтоосон шүүгчийн цалин өрсөлдөх хэмжээнд ойртжээ гэж бодож байна. Тэгэхгүй л бол бид чадалтай хуульчдаа хувийн сектор, гаднын компанид алдчихаад үлдсэнийг нь шүүх тогтолцоондоо хамах асуудал гарна.

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анх удаа өргөн барьж буй шүүхийн төсвийн төслийг УИХ ямар байдлаар хүлээж авах бол. Хандлагыг нь та ажиглаж байна уу?
-УИХ шүүхийн шинэчлэлийн хуулиудыг баталснаараа өөртөө үүрэг хүлээчихсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн шинэтгэлийн хуулиудыг хэрэгжүүлэх төсөв мөнгийг баталж өгөх үүрэгтэй юм. Үүнийг УИХ-ын гишүүд ойлгох байх. 2008 оны хямралын үеэс эхлээд төр цалин, тэтгэврийн бодлого дээрээ нэлээд хатуу хандаж эхэлсэн л дээ. Гэтэл УИХ-ын гишүүд өөрсдийн цалинг нэмэх болохоороо гар татаж чаддаггүй. Тэд цалингаасаа гадна хоол, утас, унаа, хүлээн авалтын мөнгө авдаг. Би боддог юм, УИХ-ын гишүүд жаахан төрийн хүний сэтгэлээр хандаад төсөв мөнгөө хуваарилахдаа шүүхийн шинэчлэлийг хөгжүүлэх дээр ач холбогдол өгөөсэй гэж. Шүүгчдийн цалин биднээс их гарчих вий гэхгүй байлгүй. Тэгээд ч УИХ-д Монголын толгой баячууд чигжээд суучихсан яваа шүү дээ.


Эх сурвалж: www.assa.mn

 

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 72 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?