“Шүүхийн шинэтгэл” сэдэвт шилдэг нийтлэл нэвтрүүлгийн уралдааны дүн гарлаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

Үүсгэсэн огноо 2013 оны 12 сарын 3, Мягмар гариг, 13:24

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан “Шүүхийн шинэтгэл” сэдэвт шилдэг нийтлэл нэвтрүүлгийн уралдаанд нийт 11 хэвлэл мэдээллийн байгууллагын 28 бүтээл ирүүлснээс уралдааны болзлын шаардлага хангаагүй 6 бүтээлийг буцааж, 22 бүтээлийг дүгнэж шалгарууллаа.

Телевиз, радиогийн бүтээлийн төрөлд:

Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Ц.Алтанцэцэгийн “Шүүхийн шинэтгэл” нэвтрүүлэг тэргүүн байрт,

Монголын үндэсний олон нийтийн радиогийн сэтгүүлч Ц.Сүхбаатарын “Эвлэрхүй... эс эвлэрхүй” сэдэвт нэвтрүүлэг хоёрдугаар байрт,

Монголын үндэсний олон нийтийн радиогийн “Хурд” агентлагийн сэтгүүлч Д.Бат-Оршихын “Шүүх засаглал- Өчигдөр, өнөөдөр” сэдэвт нэвтрүүлэг мөн хоёрдугаар байрт тус тус шалгарлаа.

Сонин, сэтгүүл, цахим хуудасны бүтээлийн төрөлд:

“Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Г.Улсболдын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй хийсэн “Чадалтай хүмүүсээ шүүхээс алдвал бурууг нь өөрсдөө хүлээ” сэдэвт ярилцлага тэргүүн байрт,

“Улс төрийн тойм” сонины сэтгүүлч Т.Амартүвшингийн “Авилгагүй шүүгчтэй байх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татна” сэдэвт нийтлэл хоёрдугаар байрт шалгарсан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж: “Шүүхийн шинэтгэлийн үйл явц хэрхэн явагдаж байгаа, хаана ямар алдаа дутагдал, хаана ололт амжилт байгааг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд хүргэхэд сэтгүүлч, уран бүтээлчид та бүхний дуу хоолой ихээхэн чухал юм. Шүүхийн шинэтгэл Монгол улсад ус агаар шиг хэрэгтэй гэдгийг шийдвэр гаргагчид хийгээд жирийн иргэн хүртэл биднээс шаардаж байна. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татахад шүүхийн бие даасан, хараат бус байдлын шалгуур үзүүлэлт нь болж байдаг. Мөн Шүүхийн шинэтгэл нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашгийн амин чухал асуудал юм” гэдгийг онцлон хэлсэн байна.

Шилдэг уран бүтээлчдийг төлөөлж Монголын үндэсний олон нийтийн радиогийн ахмад сэтгүүлч Ц.Сүхбаатар: “Шүүхийн шинэчлэлийн асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ гэдэг бол сэтгүүлчид бидний үүрэг гэж ойлгож байна. Энэ удаагийн уралдаанд залуу уран бүтээлчид их оролцсон байна. Тэдгээр уран бүтээлчдийн чадвар чансаа ч сайжирсан байна.” хэмээн энэ үеэр сэтгэгдлээ илэрхийллээ.

Шүүхийн тухай багц хууль, шүүхийн шинэтгэлийн хэрэгжилтийн талаар олон нийтэд үнэн бодитой, шуурхай мэдээлэл түгээх үүднээс 2014 онд мөн шилдэг бүтээлийн уралдааныг зарлан явуулахаа шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд илэрхийлж байлаа.

 

ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 55 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?