Н.Лүндэндорж: Шүүгчийн цалинг УИХ тогтоосон PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2013 оны 11 сарын 27, Лхагва гариг, 9:10

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндоржийг “Ярилцах танхим”-даа урилаа.

 

-Төсөв батлагдлаа. Шүүхийн төсвийн тухайд энэ жил их онцлогтой байлаа. Мөн өөрсдөө төсөвлөсөн, өргөн барьсан энэ тэр гээд багагүй хэл, ам дагуулсан. Энэ талаар та ямар тайлбар хэлэх бол?

-Ярих, бодох юм их үлдлээ. Шуудхан хэлэхэд шүүхийн хараат бус байдлыг хамгаалахад Шүүхийн тухай хууль тогтоомжийн хүч дутаж байна. Шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг хамгаалах, хангах асуудал ихээхэн зовлон туулах бололтой. Шүүхийн тухай багц хуулийн олон заалт 2014 оны төсөв хэлэлцэх, батлах үеэр зөрчигдлөө. Гэхдээ энэ бүгдийн гол шалтгаан эдийн засгийн хямрал юм уу даа. XX зууны 30-аад оны АНУ-ын эдийн засгийн хямралын үед Рузвельтийн New Deal хөтөлбөр хэрэгжиж байхад тэнд Үндсэн хууль, хууль дээдлэх ёс бараг мартагдсан байсан юм гэсэн. Ингэж л цайруулан бодож, тайвширч сууна.

-Эдийн засаг хямраагүй байвал яах вэ?

-Хямарсан нь үнэн байх аа. Олон жил өвдөг шороодож байж эрх авсан олонхи өөрийн намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийнхөө эхлүүлсэн шүүхийн реформыг хэрэгжих нөхцөлд ухаан, сэтгэл дутаж, тээг тавьж суувал тун ч арчаагүй хэрэг болно биз дээ.

-Шүүхийн төсөв тэгээд яав. Зарим хүн маш их төсөв батлуулсан гэх. Мөн зарим нь хамаг төсвөө хасуулсан гэх юм. Аль нь үнэн болж таарах вэ?

-Урсгал зардал Улсын дээд шүүхийг оруулахгүйгээр 127 тэрбумаар төлөвлөснөөс 59,6 тэрбум төгрөгөөр батлагдлаа. Энэ бол одоогийн эдийн засгийн хүнд нөхцөлд муу үр дүн биш. Гэхдээ талаас илүү хувь нь хасагдсан. Хэдий тийм ч 2013 оныхоос нэлээдгүй нэмэгдсэн. Энэ онд урсгал зардал 38.8 тэрбум төгрөг байлаа. Зөрүү нь багагүй тоо байгаа. Харин хөрөнгө оруулалтын зардал 0 дүнтэй. Өөрөөр хэлбэл бид 2014 онд нэг тоосго ч хөдөлгөж болохгүй нь. Зарим шүүх гадаад улсын аж ахуйн нэгжээс маш бага үнээр байр түрээслэн 20-30 жил сууж байна. Энд шүүхийн хараат бус байдал алдагдаагүй гэх баталгаа байхгүй. Ийм байхад шүүхийн хөрөнгө оруулалтын зардлыг хасаж байгаа нь улсын эдийн засаг маш хүнд байгааг харуулна. Эсвэл төсөв шударга бус байгааг, Ерөнхий сайдын хэлснээр төсөв авилгажсан болохыг нотолно. Эрдэмтэд хараат бусаар улсын төсөвт анализ хийх байх гэж бодож байна.

-Энэ жилийн төсвийн хэлэлцүүлгийн нэг гол сэдэв нь шүүгчдийн цалин байлаа. Танайхыг цалин тогтоосныг буруутгаж байгаа дуу хоолой гишүүдээс нэлээд сонсогдсон. Шүүгчдийн цалинг ер нь хэн тогтоох ёстой юм бэ?

-Тийм субъект тогтоох ёстой гэсэн онол, аксиом байхгүй. Дэлхийн практикийг харахад парламент нь тогтоогоод явдаг хандлага зонхилж байна. Манай улсын тухайд УИХ тогтоож байгаа. Харин одоо УИХ органик буюу Үндсэн хуулиас шууд эх авсан, түүний албан ёсны тайлбар ч гэж үздэг Шүүхийн тухай багц хуулиар шүүгчдийн цалинг тогтоочихоод дахин тогтоох тухай тогтоол гаргачихлаа. Хамгийн гол нь энд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23.1-д “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна” гэж заасныгаа УИХ цалин тогтоосон гэж үзэхгүй байгаад оршино. Тогтооно гэхээр тоо тавина гэж ойлгоод байна. Уул нь УИХ 2011 онд Төрийн албаны тухай хуульд 281 дүгээр зүйлээр нэмэлт оруулж төрийн албан хаагчдийн цалинг нэгбүрчлэн тоо тавьж тогтоож байсан практикаасаа татгалзаж, төсвийн ерөнхийлөн захирагч нарт эрх шилжүүлэх, заримыг нь УИХ-ын тогтоолоор бус, харин тус тусын хуулиар зохицуулж байхаар хуульчилсан юм. Хуулиар зохицуулна гэж заасан нь тоо тавихгүй цалин ямар байх ёстойг заана гэсэн үг л дээ. Яагаад тоо тавихгүй гэдгийг ойлгож байгаа байх. Хуулийг тогтвортой байлгахын тулд хууль бүтээх дүрмийн дагуу байнга өөрчлөгдөж байх зохицуулалтыг хуульчилдаггүй. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн нэмэлтийн 281.2-т “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгчдийн цалин хөлс, урамшуулалтай холбогдсон асуудлыг тус тусын хууль (Шүүхийн тухай багц хуулийг хэлж байна)-иар зохицуулна” гэж заасан. Үүний дагуу Шүүхийн тухай багц хуулиар бүх шатны шүүхийн шүүгчдийн цалин хөлс, урамшууллыг зохицуулсан. Тухайлбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлээр шүүгчийн цалин ямар байх ёстой, ажилсан таван жил тутам хоёр хувийн нэмэгдэл цалин олгох, мөн ур чадварын түвшингээс хамаарч цалингийн 50 хүртэл хувийн нэмэгдэл олгохоор хуульчилсан. Тогтвортой үйлчлэх ёстой хуулиар мөнгөний дүн тавих нь утгагүй учраас УИХ шүүгчдийн цалин ямар байх ёстойг ийнхүү тогтоожээ. Гэтэл УИХ-ын тогтоолоор шүүгчийн цалинг дахин тогтоох тухай заах нь хуульд нийцсэн эсэхийг хуульчид шүүнэ биз ээ.

-Ц.Нямдорж гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ШЕЗ-өөр шүүгчийн цалин тогтоолгож болохгүй. Шүүгчдийг “атгах” нөхцөл болно гэж хэлж байсан. Үнэхээр тийм үр дагаварт хүргэх юм биш биз?

-Хэрэв ингэж үзвэл шүүгчдийг УИХ “атгаж” байя гэсэн логик гарна.Тэгэхлээр асуудалд ингэж хандаж болохгүй. Уул нь УИХ шүүгчийн цалин ямар байх ёстойг тогтоогоод шүүхийн захиргаа нь түүнийг тоон утгад шилжүүлээд УИХ төсвөөрөө түүнийг хянаад явах нь зөв юм. Ерөнхийлөгчийн санаачилсан багц хуулийн үзэл баримтлал, одоогийн зохицуулалт нь тийм л дээ. Төрийн эрх мэдэл хуваарилалтын зарчмаар шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлын үндсэн асуудал цалин хөлсийг хяналт, тэнцвэр бүхий байх ёстой өөр эрх мэдэл бүрэн шийдэх нь эрх мэдэл хуваарилах онол болон Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимтай харшлах учраас хууль санаачлагч шүүгчийн цалин ямар байх зарчмыг хууль тогтоогчоор тогтоолгож, тоон утгад шилжүүлэх үүргийг шүүхийн захиргааны байгууллагад үлдээснийг Шүүхийн тухай багц хуулиас олж харахад төвөггүй. ШЕЗ хууль биелүүлдэг байгууллага. “Хууль биелүүлнэ” гэдэг ойлголт, чиг үүрэг өөрийн гэсэн академик болон хууль зүйн утгатай. Өөрөөр хэлбэл, хууль биелүүлэхийн тулд хуулиар олгосон эрх хэмжээний дагуу хэм хэмжээ тогтоох, шийдвэр гаргах, техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авах зэрэг бүрэн эрх хэрэгжүүлдэг. Эдгээр эрх хэмжээ нь хуульд тов тодорхой байгаа.

-Тэгвэл танайд хууль тогтоогчид тийм эрх хэмжээг хуулиар олгосон юм уу?

-Та тун чухал асуулт тавилаа. Асуудал үүнд байгаа юм. Олон хүн үүнийг ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байгаа юм шиг. Таны асуусан эрх хэмжээг маш тодорхой олгосон. Жишээ нь, Шүүхийн захиргааны тухай хуулийн тавдугаар зүйлд “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах”, мөн хуулийн 6.1.2-д шүүхийн эдийн засаг, санхүү, хөдөлмөр, ажлын нөхцлийн болон бусад баталгааг хангах ажлыг зохион байгуулах (цалин эдгээрийн хамгийн гол баталгаа мөн) гэжээ. Энэ чиг үүргийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийн цалинг тийм байх ёстой гэж УИХ-ын тогтоосон зарчмыг тоон утгад шилжүүлсэн. Үүнийг л тогтоосон гэж ойлгоод байгаа юм. “Овоо босгоогүй бол шаазгай суухгүй” гэсэн үг бий. УИХ овоо босгосон учраас бид хууль биелүүлэхийн тулд хийсэн ажил. УИХ шүүгчдийн цалинг тогтоох тухай тогтоол дахин гаргавал хууль зөрчигдөхөөс гадна манай хууль тогтоогчид өөрсдөө хүнд байдалд орно. Жишээ нь, шүүгчийн цалинг 2-3 сая төгрөгөөр тогтоогоод энэ цалин шүүгч Таныг эдийн засгийн хувьд хараат бусаар ажиллах, амьдралд чинь хүрэлцээтэй, баталгаатай байна гэж хэлэхэд хүрч байгаа юм. Гэтэл 2-3 сая төгрөг хэнийг ч эдийн засгийн хувьд хараат бус байх, амьдралд нь хүрэлцээтэй, баталгаатай байлгаж чадахгүй. Үүнийг даажигналт гэж хүлээж авах хүн байхыг бас үгүйсгэхгүй. Ийм юманд УИХ оролцох хэрэг байсан уу гэсэн асуулт байгаа юм. Шүүгчдийг цалингаар нь барьж, эр бяраа харуулж байна гэсэн санаа бодол байхгүй, байх ч ёсгүй гэж үзэж байна.

-ШЕЗ-ийг “мөрөөдлийн цалин” тогтоосон гээд байсан уу?

-Мөрөөдөл биш л дээ. Монгол Улс төрийн албан хаагчдын цалинг сүүлийн 23 жилд есөн удаа өөрчилсөн байдаг. Тэр бүгд дээрээ ямар нэг судалгаа хийж байгаагүй юм билээ. Бид шүүгчдийн цалинг УИХ эдийн засгийн хувьд хараат бус байх, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байна гэж тогтоосныг хууль биелүүлэгчийн хувьд ямар тоотой дүйцэхийг тодруулах үүднээс томоохон судалгааг хөндлөнгийн судалгааны байгууллагаар судлуулсан. Тэр судалгаанд тулгуурлаж шүүгчдийн дундаж цалин бүх нэмэгдэл нь ороод 5.5 сая төгрөг орчим байна гэж бид үзсэн. Үүнийг ам.долларт шилжүүлбэл 3150 орчим ам.доллар болж байгаа юм. Ер нь шүүгчийн цалин дэлхийн аль ч улсад өндөр байдаг. Тэгж байж шударга ёсоо хамгаалдаг.

-Бусад улс орны зарим жишээг дурьдаж болох уу?

-Шүүгчийн цалин ихэнх улс оронд төрийн албан хаагчийн дундаж цалингаас 4-5 дахин, парламентын гишүүдийнхээс ойролцоогоор хоёр дахин их байна. Тодорхой улсыг нэрлэвэл Австрали улсад төрийн албан хаагчийн жилийн дундаж цалин 73682 ам.доллар байдаг бол дээд шүүхийн шүүгч 486480$, холбооны шүүхийн шүүгч 412550 ам.доллар байна. Мөн энэ улсад хууль тогтоогчийн жилийн дундаж цалин 190550$ бол шүүгчийнх 439535 ам.доллар байгаа нь шүүгчийн цалин парламентын гишүүнийхээс 2.3 дахин их байгаа юм. Энэ ганцхан улсыг онцолсон нь нийтлэг хандлагыг тод төлөөлсөн улсын хувьд жишээ болголоо. Түүнээс хамгийн өндрийг нь хүн хуурах гэж сонгосонгүй. Мэдээллийн эрин үед ийм юмаар хүн хуурдаг тэнэг амьтан ховор болсон шүү. Хүмүүсийн мөрөөдлийн гэж нэрлээд байгаа цалин бусад улсынхаас 7-8 дахин бага байгаа. Улс орны эдийн засаг хүнд байгаа үед л тэгж харагдаад байна. Эдийн засаг сайжраад ирэхээр мөрөөдлийн биш, харин энэ цалин бидний сэтгэлгээ, тарчиг эдийн засгийн үеийн зовлон болж түүхэнд үлдэнэ. Та нар хараарай. Тэр үед эргэн сурвалжлаарай.

-Тэгээд одоо 2014 оноос шүүгчид хэдэн төгрөгний цалин авах болчихвоо?

-УИХ-аар цалинг дахин тогтоолгож, тодорхой тоо батлуулбал шүүгчид тэр л цалинг өгнө. Тэр нь гурван сая орчим төгрөг байна. Харин УИХ-ын баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23.1-д заасан шүүгчийн цалин эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна гэсэн заалтыг ШЕЗ, Төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлэх үүрэгтэй гэж үзвэл арай өндөр цалин өгөх бололцоо бий.

-Яаж?

-Хэмнэж, гамнаж, нягтруулж, зарим зардлыг тэвчих гэх мэтээр. Манай энэ төсвийн хууль чинь их ухаалаг бус, үрэх, зарах талаас харж хийсэн хууль юм билээ. Би их гайхаж байгаа. Манай санхүүгийнхэн одоо энэ мөнгийг ингэж заръя гэдэг. Үүнийг одоо тэвчихэд болох зардал байна. Бүтээмж, үр нөлөө нь харагдахгүй юм гэхэд, зарахгүй бол болохгүй Сангийн яам хамаад авчихдаг юм. Тэгж хамруулахаар үргүй ч гэсэн зарах нь зөв гэдэг. Үнэндээ тийм л юм билээ. Нөгөө талаас бас зовлон байгаа юм билээ. Төсвийн захирагч нарт хөрвөх эрх өгөхөөр зарим ажлаа хийхгүй хийдүүлдэг гэх мэт бас асуудал үүсдэг шиг байгаа юм. Тийм болохоор зардлын төрлөөр нь үрээд л сууж байхыг сонгосон бололтой. Тэгэхээр энд нэг сонголтын асуудал байгаад байгаа юм. Би мэргэжлийн бус, мэдэцгүй юм хэлж байж мэднэ. Гэхдээ хөндлөнгийн нүдээр харахад ийм л байгаа юм. Ямар ч байсан үйл ажиллагаагаа танахгүй хэмнэх бололцоо маш их байгаа нь илт үнэн.

-Сангийн яамыг шүүгчдийн цалинг 700-800 мянган төгрөгөөр тооцож төсөв оруулсан гэж ярих юм. Энэ үнэн үү?

-Үнэн. Ийм буруу тооцоогоор, хууль гажуудуулж, төсөв хийж суудаг Сангийн яам ч гэж байх гэж дээ. Тэнд хууль мэддэг хүн байдаггүй юм шиг гээд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр би хэлсэн. Түүнээс болоод Ч.Улаан сайд шүүхтэй холбоотой асуудлууд дээр хатуурхаад байх болсон.

-Уг нь хувь хүн талаасаа бол Ч.Улаан, та хоёр оюутан цагийн найзууд юм биш үү?

-Хоосон магтаал, зусарч занд их дасчихаад үнэн, хатуу үг сонсож чадахаа байсан юм болов уу даа. Уг нь бид хоёр аспирантурт нэг өрөөнд амьдарч, хоолоо хувааж идэж, ойр зуурын наймаа хамтдаа хийж, зовлон жаргалаа хувааж явсан хоёр л доо. Шүүхийн төсөв хөрөнгө бидний хувийн харилцааны асуудал огт биш. Энэ бол Монгол Улсын үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, хүн зоны эрх, эрх чөлөөний эрхэм нандин асуудал шүү. Гэвч Ч.Улаан сайдын оруулсан төсвөөр батлагдах дөхсөн шүү.

-Шүүхийн тогтолцоонд шийдэх ёстой тулгамдсан олон асуудал байгаа гэдгийг ойлгож байна. Таны бодлоор тэдгээрээс хамгийн чухал нь юу вэ?

-Чухал бөгөөд том асуулт байна. Шүүхийн захиргаа өөрөө эхлээд байр сууриа зөв олох ёстой. Одоогийн байдлаар шүүхийн захиргаа бэхжээгүй, байр суурин дээрээ баттай зогсож чадаагүй байна. Шүүхийн захиргаа, түүний ажилтан шүүн таслах ажиллагаанд үл оролцох зарчмыг баримтлан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалдаг, хэргийн хө-дөлгөөний менежментээр дамжуулан шүүгчийн хариуцлага, сахилгыг нь хянадаг, бас үйлчлэн тусалдаг бүтэц болж хараахан чадаагүй байна. Мөн одоооор Тамгын газар, хэлтэс, албадын дарга нарын ихэнх нь Ерөнхий шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга шиг ажиллаж байна. Энэ нь шүүхийн захиргаа нь шүүхийн мэдэлд байсан үеийн зуршил юм. Үүнийг даван туулах цаг хугацааг наашлуулах асуудал бас л чухал байна. Түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг чадавхжуулах, шилдэг хуульчдаар сэлбэхэд онцгой анхаарах шаардлагатай. Жишээ нь, ойрын 1-2 жилд шүүгчдийн тоог 60 шахам хувиар нэмэгдүүлнэ. Ширвэж биш, шилж нэмэх хэрэгтэй биз дээ. Үүний тулд шилдэг хуульчдыг татах юм байх хэрэгтэй. Эсвэл шүүгч болно гэхээр л хүмүүс хошууран дайраад, цалингүй ч байсан яахав гээд ирнэ гэж бодох уу. Үгүй ээ. Ингэж хандвал хүмүүсийг их өөр юм руу түлхэнэ.

-Тэгээд тэр татах юм нь юу юм бэ?

-Хариултыг танд болон уншигчдад үлдээе. Мөн шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх механизмыг бүрдүүлэх явдал тулгамдаад байна. Ер нь дэлхий дахинд хүний хариуцлагыг дээшлүүлэхийн тулд хариуцлага тооцож, өөрт нь ямар нэг эдийн болон эдийн бус хохирол амсуулах замаар хариуцлагыг дээшлүүлдэг арга түгээмэл боловч одоо түүнийг түр зуурын шинжтэй, хүний дотоод сэдэлд тулгуурлаагүй, хүчирхийллийн шинжтэй гэж шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл, хариуцлагыг дандаа гаднаас нь хянаж, манаж сахиулж чаддаггүй аж. Үнэндээ ч тийм. Тийм учраас шүүгчийг, ер нь хэнийг ч хариуцлагатай байлгая гэвэл тухайн ажил албыг нь тэр хүнд үнэ цэнтэй байлгах хөшүүргийг бий болгох хэрэгтэй.

-Яаж?

-Жишээ нь өрсөлдөхүйц цалин өгөх гэх мэт. Цаашилбал уг ажлыг хийх технологи нь хийдэлгүй хийхээр хөтлөхүйц ухаалаг горим журамтай байх ёстой. Тухайн ажил албыг хариуцлагатай хийх чадвар, сэтгэлтэй хүнийг анхнаас нь зөв сонгох нь бас чухал. Бидний хамгийн сайн мэддэг атлаа тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй зүйл нь төрөл бүрийн хяналт юм. Эдгээр хяналт дотроос хамгийн чухлыг олон нийтийн хяналт гэж үздэг. Энэ хяналтын давуу нь байнгын, тохиолдлын шинжтэйд оршдог. Энэ бүгдийг бид цогцоор шийдсэн цагт хариуцлагын тухай бодитой ярих бололцоотой. Тийм учраас өөрөө хариуцлагатай байх нөхцөлийг бүрдүүлэхийг одооноос чармайх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүн бүрийн дэргэд нэг цагдаа зогсоох хэрэг гарна. Түүнийг цагдаажсан төр улс гэж нэрлэдэг. Дараагийн асуудал нь шүүгчийн давтан сургалтын үр нөлөөг дээшлүүлэх явдал шинэтгэлийн нэг чухал тал мөн. Шүүгчийг бусад албан хаагч шиг өөрийгөө ажлын байрандаа өөрөө бэлтгэ гэж орхиж болдоггүй онцлогтой. Түүнийг нь улс хариуцахгүй бол иргэдийн эрх чөлөө эмтэрч болзошгүй байдагт оршдог. Монголд сургалтын тогтолцоо бүрдсэн хэдий ч чанар, үр нөлөө хангалтгүй. Үүнд өргөн уудам нутаг ч нөлөөлдөг. Тиймээс бид шүүгчийг ажлын байранд нь зайнаас сургах аргыг нэврүүлэхээр төлөвлөж байна. Техникийн шийдлүүдийг үндсэнд нь олсон. Харин арга зүйг боловсруулах ажил үлдээд байна. Шүүгчийн сургалтад нэвтрүүлэх нэг шинэ чиглэл бол шүүгчдэд хууль, эрх зүйн мэдлэг, хууль хэрэглэх арга зүйгээс гадна салбар дундын мэдлэг олгох шаардлага бий болсон байна. Яагаад гэвэл шүүгчийн шийдвэрлэж байгаа хэрэг маргаанд бүх салбарын мэдлэг шаардагддаг. Сэтгэл зүйн мэдлэг ч хэрэгтэй, инженерийн, эдийн засгийн, татварын мэдлэггүйгээс болж шийдвэрийн чанарт нөлөөлөх явдал байсаар байна.

-Шүүхийн багц хуулиас зарим нь Үндсэн хуулийн Цэц дээр бүдэрч байгаа сураг дуулдлаа. Тухайлбал, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд таслах эрхтэй оролцох болсныг шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс хэн ч оролцож болохгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнээд байгаа гэсэн?

-Энэ тухай дуулсан. “Хөндлөнгөөс оролцох” гэсэн ойлголтыг зөв тайлбарлавал асуудалгүй л баймаар юм. Үндсэн хуулийн 49.2-д заасан хөндлөнгийн оролцоо нь “хууль бус оролцоо, нөлөө”-г илэрхийлдэг. Харин Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль дахь иргэдийн төлөөлөгч шүүх хуралд таслах эрхтэй оролцох тухай ойлголт бол Үндсэн хуулийн 52.2-ийн дагуух оролцоо. Хууль бус нөлөө бус, харин хуульчилсан оролцоо. Энэ хоёр оролцоо нь тэнгэр, газар шиг ялгаатай. Хэрэв ялгаагүй, нэг өөр субъект шүүхийн ажилд оролцож байна гэж үзвэл дэлхийн улсууд дахь Тангарагтны шүүхийг эрх зүйн бус оролцоо, нөлөөлөл гэж халах шаардлага тавихтай ижил болох юм.

-Шүүхийн тухай багц хуульд ер нь хөнгөн бодсон, шийдсэн зүйл цөөнгүй гэж ярих хүн бас байдаг. Гэхдээ тухайн үед засаж залруулаад явах биз, тийм үү?

-Харилцаа нь маш ярвигтай. Харин ч ийм хуультай болсон нь их юм. Бид чинь хууль “хийдэг” арга, технологитой болоогүй байгаа улс шүү дээ. Дур дураараа л “тунхаг бичдэг”. Түүнийгээ болж байна гэж боддог. Жишээ нь, би хууль ямар байх ёстойг оюутанд заахын тулд хуулийг судалсан. Хуулийн төсөл бичиж бараг үзээгүй. “Хууль бичдэг” нөхөд маань хууль ямар байх ёстойг мэддэгүй байх жишээтэй. Багц хуулийн тухайд засахыг бодохоос өмнө хэрэгжүүлэх тухай бодох ёстой. Хэрэгжүүлээгүй байж засах гэх нь шинэтгэлийг ухраах, зогсоох санаа ч агуулж байж мэднэ гэсэн болгоомжлол төрж буйг нуух юун.

 

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

У.Оргилмаа

 

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин, www.ipost.mn

 

 

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 18 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?