Журмын төсөлд саналаа өгнө үү PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

 

Үүсгэсэн огноо 2013 оны 10 сарын 25, Баасан гариг, 9:34

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүрэм, журам, хөтөлбөр боловсруулахад нээлттэй, ил тод байдлыг хангах” тухай 28 дугаар тушаалын дагуу

1. ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД АРХИВААС  ТОДОРХОЙЛОЛТ, ЛАВЛАГАА, ХУУЛБАР ОЛГОХ, ХЭРЭГ БУСАД БАРИМТ БИЧИГТЭЙ ТАНИЛЦУУЛАХ ЖУРАМ

2. ШҮҮГЧ, АЖИЛТАНД АЛБАН ТОМИЛОЛТ ОЛГОХ ЖУРАМ гэсэн журмуудын төсөлд саналаа ирүүлнэ үү.

Саналыг Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-7027 утсаар лавлана уу.

ТӨСӨЛ

ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД АРХИВААС
ТОДОРХОЙЛОЛТ, ЛАВЛАГАА, ХУУЛБАР ОЛГОХ,
ХЭРЭГ БУСАД БАРИМТ БИЧИГТЭЙ
ТАНИЛЦУУЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага /цаашид “үйлчлүүлэгч” гэх/-нь хэрэгт зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөр оролцсон эсэх талаар, шүүхийн төв болон салбар архиваас /цаашид "архив" гэх/ тодорхойлолт, лавлагааг тэдний хүсэлтээр олгох, хэрэг, бусад баримт бичигтэй танилцах, хуулбар өгөх зэрэг үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.
1.2.Энэ журам нь Архивын тухай хууль, Нууцын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Төрийн архивын үйл ажиллагаатай холбоотой болон бусад холбогдох дүрэм, журмуудаас бүрдэнэ.

Хоёр. Ажилтны эрх хэмжээ
2.1.Шүүхийн төв болон салбар архивын эрх бүхий ажилтан үйлчлүүлэгчдийн хүсэлтээр тодорхойлолт, лавлагаа, хуулбар олгоно.
2.1.1Архивын ажилтан нь үйлчлүүлэгчид хэрэг, баримт материалтай  хэрхэн танилцаж, ашиглах талаар заавар, зөвлөгөө өгнө.
Гурав. Шүүхийн архиваас тодорхойлолт гаргах, баримт бичгийн хуулбар олгох
3.1.Архиваас дараах төрлийн тодорхойлолтыг олгоно. Үүнд:
3.1.1.үйлчлүүлэгч нь иргэний болон захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөр оролцож байсан эсэх, эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн, цагаадсан эсэх ;
3.1.2.шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх;
3.1.3.бусад;
3.2.Энэ журмын 2.1-д заасан тодорхойлолтыг үйлчлүүлэгчийн дараах хүсэлт, баримт бичгийг үндэслэн олгоно. Үүнд:
3.2.1.иргэний хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар;
3.2.2.албан байгууллагын албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажилтны биеийн байцаалт;
3.2.3.зохих журмын дагуу үйлчилгээний хөлс төлсөн баримт;
3.3.Үйлчлүүлэгчдийн хүсэлтээр хэрэг, баримт материалаас хуулбар хийсэн бол эрх бүхий ажилтан өөрийн овог, нэр, албан тушаал, огноог бүрэн, гаргацтай, бичиж “хуулбар үнэн” тэмдгээр /дардасаар/ баталгаажуулна.
3.3.1.Архивын эрх бүхий ажилтан үйлчлүүлэгчдийн хүсэлтээр тодорхойлолт, лавлагааг олгохдоо тухайн шүүхийн тамгын газрын даргын  гарын  үсэг бүхий албан бичгээр өгнө.

Дөрөв. Хавтаст хэрэг, бусад баримт бичигтэй танилцах
4.1.Шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэрэг материал, баримт бичгийг зөвхөн тухайн хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид танилцуулж, хуулбар олгоно.
4.2.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчдөөс бусад үйлчлүүлэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн шүүхийн тамгын газрын даргын зөвшөөрлөөр олгоно.

Тав. Бусад
5.1Архивын үйлчилгээний хөлсийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Үндэсний Архивын газрын шийдвэрээр тогтоосон хэмжээнд авна.
5.2.Үйлчилгээ үзүүлсэн хураамжийн орлогыг тухайн шүүхийн төсвийн дансанд тушаана.



---oo0oo---

 

ТӨСӨЛ

ШҮҮГЧ, АЖИЛТАНД АЛБАН ТОМИЛОЛТ ОЛГОХ ЖУРАМ



Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар шүүгч, ажилтан албан томилолтоор ажиллах, томилолтын хугацаанд гүйцэтгэсэн ажлыг дүгнэх, холбогдох зардлыг гаргах зэрэг харилцааг зохицуулна.
1.2.Шүүгч, ажилтан шүүхийн байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутаг, гадаад улсад түр хугацаагаар ажиллах тохиолдолд албан томилолт олгоно.
1.3.Шүүгчийг зөвхөн шүүн таслах ажиллагаа болон багшлах, аливаа хэлбэрийн сургалтанд оролцоход албан томилолтоор ажиллуулна.

Хоёр. Албан томилолтын төлөвлөгөө батлах, албан томилолтын үнэмлэх олгох
2.1.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч албан томилолтоор ажиллахад ажлын төлөвлөгөөг тухайн шүүхийн ерөнхий шүүгч батлах бөгөөд түүнийг үндэслэн тухайн шүүхийн тамгын газрын дарга албан томилолтын үнэмлэх олгоно.
2.2.Улсын Дээд шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны, шүүхийн ерөнхий шүүгч албан томилолтоор орон нутаг /шүүн таслах ажиллагаа эрхлэх/, гадаад улсад ажиллахад ажлын төлөвлөгөөг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн төлөвлөгөөг ерөнхий зөвлөлийн дарга тус тус батална. Улсын Дээд шүүхийн шүүгчийн томилолтын үнэмлэхийг Улсын Дээд шүүхийн тамгын газар, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн томилолтын үнэмлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга олгоно.
2.3.Гүйцэтгэх нарийн бичгийн даргын томилолтын төлөвлөгөөг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга баталж, Шүүхийн захиргааны удирдлагын газар томилолтын үнэмлэх олгоно.
2.4.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба /цаашид “ажлын алба” гэх/-ны газар, хэлтэс, албаны даргын томилолтын ажлын төлөвлөгөөг гүйцэтгэх нарийн бичгийн дарга баталж, томилолтын үнэмлэх олгоно.
2.5.Ажлын албаны ажилтан албан томилолтоор орон нутаг /шүүн таслах ажиллагаа эрхлэх/, гадаад улсад ажиллахад ажлын төлөвлөгөөг нэгжийн дарга баталж, зохих шийдвэрийг үндэслэн томилолтын үнэмлэхийг Шүүхийн захиргааны удирдлагын газар олгоно.
2.6.Шүүхийн тамгын газрын дарга албан томилолтоор орон нутаг, гадаад улсад ажиллах төлөвлөгөөг гүйцэтгэх нарийн бичгийн дарга баталж, зохих шийдвэрийг үндэслэн Шүүхийн захиргааны удирдлагын газар томилолтын үнэмлэх олгоно. Бусад ажилтны томилолтын төлөвлөгөөг тухайн шүүхийн тамгын газрын дарга баталж, томилолтын үнэмлэх олгоно.
2.7.Томилолтын хугацаанд гүйцэтгэх боломжгүй болсон ажил, үйлчилгээг зайлшгүй хугацаа сунган гүйцэтгэх шаардлага гарвал төлөвлөгөөг баталсан албан тушаалтны саналыг үндэслэн томилолтын хугацааг зохих журмын дагуу сунгаж болно.
2.8.Шүүгч, ажилтны томилолтын хугацаа өөрөөс шалтгаалахгүйгээр хойшилсон /нисэх онгоцны хуваарь өөрчлөгдсөн, автомашин саатсан, цаг уурын байдал гэх мэт/ тохиолдолд нэгжийн удирдлагад нэн даруй мэдэгдэнэ.
2.9.Шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүн орон нутгаас томилогдсон тохиолдолд Улаанбаатар хотод албан томилолтоор ажиллах тухай асуудлыг тухайн хорооны даргын шийдвэрийг Шүүхийн захиргааны удирдлагын газраас томилолтын үнэмлэх олгоно. Томилолтын хугацааг ажлын гурван өдрөөс хэтрүүлэхгүй байна.
2.10.Орон нутгийн шүүхийн шүүгч шүүн таслах ажиллагаатай холбоотой асуудлаар Улаанбаатар хотод албан томилолтоор ажиллах тохиолдолд томилолтын үнэмлэхийг тухай шүүхийн тамгын газар олгоно.
2.11.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх нарийн бичгийн дарга, зөвлөлийн даргын зөвлөхийн орон нутаг болон гадаад улсад томилолтоор ажиллуулах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга шийдвэрлэнэ.
2.12.Ажилтныг төлөвлөгөөт болон цаг үеийн ажлаар томилолтоор ажиллуулах, үр дүнг тооцох асуудлыг Шүүхийн захиргааны удирдлагын газар хариуцан зохион байгуулна.
2.13.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд орон нутаг болон гадаад улсад томилолтоор ажиллах төлөвлөгөөг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга батална. Батлагдсан төлөвлөгөө, зохих шийдвэрийг үндэслэн томилолтын үнэмлэхийг гүйцэтгэх нарийн бичгийн дарга олгоно.
2.14.Албан томилолтоор ажилласан тухай илтгэх хуудас, түүний мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд Шүүхийн захиргааны удирдлагын газар болон бусад газар, хэлтсийн удирдлага хяналт тавьж, үр дүнг зохих журмын дагуу тайлагнана.

Гурав. Албан томилолтын зардал, түүнийг тооцох
3.1.Албан томилолтын зардалд унаа, байр, зам хоногийн болон шаардлагатай тохиолдолд бусад /холбоо, хот хоорондын унаа, виз, нисэх буудлын хураамж, бэлэг дурсгалын гэх/ зардлыг ойлгоно.
3.2.Албан томилолтоор ажиллах шүүгч, ажилтны зардлыг томилолтоор ажиллуулах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарснаар бүрэн олгоно.
3.3.Шүүн таслах ажиллагаатай холбоотой гарах албан томилолтын зардлыг томилогдсон шүүх бүрэлдэхүүнийг хүлээн авч байгаа шүүхийн төсвөөс санхүүжүүлнэ.
3.4.Албан томилолтын үндсэн баримт бичгийн бүрдүүлбэр зөрчилгүй байна.
3.5.Шүүгч, ажилтан албан томилолтын хугацаанд гүйцэтгэсэн ажлаа зохих журмын дагуу тайлагнаснаас хойш ажлын тав хоногийн дотор санхүүгийн тооцоог эцэслэсэн байна. Томилолтын зардлыг давхардуулан олгохыг хориглоно.

Дөрөв. Томилолтын хугацаанд гүйцэтгэсэн ажлыг дүгнэх
4.1.Шүүгч, ажилтан томилолтоор ажилласан тухайгаа ажлын гурав хоногийн дотор илтгэх хуудсаар зохих журмын дагуу тайлагнана.

 

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 56 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?