О.Зандраа: Дээд шүүх хуулийн тайлбарыг хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргана PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 3-р сарын 04, Даваа гариг, 08:27

Шүүхийн тухай багц хуулиудыг ирэх 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлнэ. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраатай уулзаж, эдгээр хуулиудтай холбоотой зарим асуултад хариулт авлаа.

-Шүүхийн тухай хуулиар давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулах болсон. Яг аль аймагт тойргийн шүүхүүд байгуулагдах вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Улсын Дээд шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулна” гэсэн заалтын хэрэгжилтийг хангаж, Улсын Их Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиар Аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг Иргэний, Эрүүгийн болон Захиргааны хэргийн шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг доорх байдлаар тогтоож өглөө.

 

Үүнд: Нэг: Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

1.Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх Дорнод аймгийн Хэрлэн суманд байрлаж, Дорнод, Сүхбаатар аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумаас бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг;

2. Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүх Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлаж, Говьсүмбэр, Дорноговь аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр сумдыг;

3. Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлаж, Өмнөговь аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр сумдаас бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг;

4. Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байрлаж, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв аймгийн Эрдэнэсант сумыг;

5.  Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх Завхан аймгийн Улиастай суманд байрлаж, Говь-Алтай, Завхан аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг;

6. Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх Ховд аймгийн Жаргалант суманд байрлаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг;

7. Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлаж, Булган, Орхон аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг;

8. Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлаж, Хөвсгөл аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг;

9. Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр  шүүх Дархан-Уул аймгийн Дархан суманд байрлаж, Дархан-Уул, Сэлэнгэ  аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв аймгийн Сүмбэр, Жаргалант, Борнуур, Батсүмбэр сумдыг;

10. Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар  шүүх Улаанбаатар хотод байрлаж, Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Баянцогт, Баянцагаан, Баянхангай, Бүрэн, Дэлгэрхаан, Сэргэлэн, Лүн, Өндөрширээт, Архуст, Аргалант, Цээл, Баянчандмань, Заамар, Угтаалцайдам, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Баян, Эрдэнэ, Баянжаргалан, Хэнтий аймгийн Цэнхэр-Мандал сумдыг;

Хоёр: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Улаанбаатар хотод байрлаж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг тус тус хамран шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх болно.

-Уучлаарай, тойргийн шүүх байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед зарим гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Та бүхэн яагаад ийм санал оруулсан бэ?

-Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ нь сонгогчдынхоо эрх ашгийн төлөө ярих л ёстой зүйл байсан байхаа.

Шүүх байгуулах тухай асуудлын талаар шүүгчдээс саналыг нь авч, ажлын хэсгийн саналтай нэгтгэж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хэлэлцэж, 164 дүгээр тогтоолоор өргөн мэдүүлсэн юм. Анхны хуулийн төслөөс зарим шүүхийн харъяалал өөрчлөгдсөн. Тухайлбал, Хөвсгөл аймагт Эрүүгийн болон иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дангаараа байгуулагдсан. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүх Дархан-Уул аймагт, Булган аймгийн Захиргааны хэргийн шүүх Орхон аймагт нэгдэн ажиллах болсон гэх мэт. Улсын Дээд шүүх болон Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Шүүхийн тухай багц хуулиудын хэрэгжилтийг хангах талаар ажлын хэсэг байгуулагдан тодорхой төлөвлөгөөний дагуу эрчимтэй ажиллаж байна.

-Шүүхийн багц хуулийг 4 дүгээр сарын 15-наас мөрдөж эхэлнэ. Бүтэц, тогтолцоо, шүүгчийн орон тоо, байр сав гээд их олон юм өөрчлөгдөх юм  билээ. Энэ бүхэнд шүүх бэлэн үү?

-Давж заалдах шатны шүүхийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбогдон хуулийн хэрэгжилтийг хангахад шаардагдах бүтэц зохион байгуулалт, албан ажлын байр, шүүгчдийн орон сууц, санхүү, эдийн засгийн холбогдох арга хэмжээг Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан хугацаанд хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлага гарч байна.

Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс бүх шатны шүүхийн шүүгчдийн ажлын ачааллыг тооцох аргачлал боловсруулж, шүүгчдийн ажлыг тэнцвэржүүлэн, анхан, давах, хяналтын шатны шүүхүүдийг эрүү, иргэн, захиргааны зэрэг хэрэг маргааны төрлөөр дагнан шийдвэрлэх  чиглэлд зохион байгуулалт хийгдэнэ.

Мэргэшсэн шүүгчид хэрэг маргааныг шат шатандаа дагнан шийдвэрлэхээр болж байгаа нь зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсан иргэд, хуулийн этгээдэд ашигтай байдлыг бий болгох юм.

-Дээд шүүхийн шүүгч наймаар нэмэгдэж байгаа юм байна лээ. Ингэж нэмэх зайлшгүй шаардлага бий юу. Ер нь Дээд шүүхийн шүүгч болохын тулд ямар шаардлагыг хангах ёстой вэ?

-Монгол Улсын Дээд шүүх нь шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүхийн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй эрүү, иргэн, захиргааны хэргийг тухайн хэргийн оролцогчдын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хянаж, эцсийн шийдвэрийг гаргана.

Дээд шүүхэд орон тоо нэмэх шаардлага байсан. Өнөөдрийн байдлаар Улсын Дээд шүүх нь шүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж эрүү, иргэн, захиргааны хэргийн дагнасан танхимтай ажиллаж байгаа боловч эрүү, иргэн, захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ бүрэлдэхүүн хүрэлцэхгүй, өөр бусад олон шалтгааны улмаас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүгч эрүүгийн болон иргэний хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч иргэний болон захиргааны хэргийг, Иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч эрүүгийн болон захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа нь шүүгчид тухайн хэрэг маргааны төрлөөр мэргэшин ажиллах боломжгүй байснаас гадна Дээд шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн иргэдэд сэтгэл хангамжийг тэр бүр бий болгож чадахгүй байсан учраас орон тоо нэмэгдэж, Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын шүүгчид мэргэшиж, дагнан ажиллахаар болж байна.

Шинээр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар Улсын Дээд шүүхийн шүүгч нь аль нэг танхимд харьяалагдах бөгөөд түүнийг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцуулахыг хориглосон байгаа.

Монгол Улсын Дээд шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүхүүд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн эсэх, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэх зэрэгт эрх зүйн талаас нь дүгнэлт хийж, шүүн таслах ажиллагааг явуулах юм.

Шүүхийн тухай багц хууль Улсын Их Хурлаас батлагдаж 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөх болсонтой холбогдуулан шүүх өдөр тутам хэрэглэдэг Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд хийгдэж, хэлэлцэгдэх шатандаа байна.

Улсын Дээд шүүхийн шүүгч болохын тулд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэг дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэн байхаас гадна Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4,5-р зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил, шүүгч, өмгөөлөгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан байх шаардлага тавигджээ.

Харин Улсын Дээд шүүхийн шүүгчээр сүүлийн зургаан жилд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын дарга, удирдах албан тушаал хашиж байсан хүнийг томилохыг хориглосон байна.

-Үндсэн хуулиас бусад хуулийг Дээд шүүх тайлбарладаг байсан нь нэлээд маргаан дагуулдаг байсан. Харин одоо Дээд шүүх хууль тайлбарлахаа больж байгаа гэж үнэн үү?

-Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасны дагуу Улсын Дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах эрхтэй. Шүүхийн тухай 2002 оны хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5, 23 дугаар зүйлд энэ талаар тодорхой заасан байдаг.

2002 оноос 2010 оны хооронд иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгуулага хуулийг нэг мөр ойлгох, хэрэгжүүлэх хэрэглэх явцад гарсан эргэлзээтэй, салаа утгаар ойлгож болох заалтыг тайлбарлуулах тухай саналаа Улсын Дээд шүүхэд ирүүлсэнээр 117  хуулийн холбогдох заалтуудад тайлбар хийсэн байна.

Энэ нь тухайн хуулийг зөв хэрэглэхэд ач холбогдолтой байснаас гадна эрх зүйн орчныг төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байх гэж боддог.

Гэвч Улсын Дээд шүүх нь Төрийн эрх барих дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох эрх мэдлийн чиг үүргийг хэрэгжүүллээ, иргэн, хуулийн этгээдийн гаргасан саналыг үндэслэн субъектив байдлаар хандаж тайлбар гаргалаа гэсэн шүүмжлэл их байсан л даа.

Цаашдаа Улсын Дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргаж, тайлбарыг тогтмол нийтлэхээр болж байна.

Мөн шүүхийн шийдвэр, практикт үндэслэн хуулийг боловсронгуй болгох саналаа хууль санаачлагчид уламжлах юм.

-Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид дүгнэлт бичүүлэхээр хандана гэж хяналтын шатны шүүх хуралдааны дараа дөрөв дэх шат болсон нэг дамжлага байсныг халсан гэж сонссон юм. Энэ ямар ач холбогдолтой вэ?

-Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Шүүхийн тухай 2002 оны хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.8 дахь хэсгийн хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761–178 дугаар зүйл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.2-347.5-д заасны дагуу Дээд шүүхийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хууль зөрчсөн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргаж, нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлдэг. Хуралдаанаас гаргасан тогтоол тухайн хэргийн хувьд эцсийн шийдвэр болдог байв.

Үндсэндээ Улсын Дээд шүүх хяналтын шатны шүүхээр хэргийг хоёр удаа хянаж шийдвэрлэдэг байсан нь хугацаа их алддаг, иргэдэд чирэгдэлтэй байлаа. Шинээр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар эрүү, иргэн, захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаас гаргасан тогтоол эцсийн байхаар заасан учир талуудын гаргасан гомдлыг үндэслэн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар аливаа хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй.

Цаашид дээрх хуулийн заалттай холбогдох тус тусын процессийн хуулиудад өөрчлөлт орохоос гадна Улсын Дээд шүүх нь давж заалдах шатны шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн магадлалтай холбогдуулан гаргасан эрх зүйн маргааныг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, эрүүгийн хэргийн шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч нарын өмгөөлөгчийн гомдол, Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр хяналтын журмаар нэг удаа, эцэслэн шийдвэрлэж байгаагаараа ач холбогдолтой юм.

“Өдрийн сонин”ы 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн  ¹048,049 /4375,4376/ дугаарт нийтлэгдсэн.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 04, Даваа гариг, 09:13
 

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 4 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?